Монголоос БНХАУ руу явах чиглэлд Замын-Үүдийн гаалиар их хэмжээний алт гаргах гэж байсныг албаныхан илрүүлж, таслан зогсоосон байна. Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газрын Замын-Үүд дэх Шалгалт хамгаалалтын заставын ажилтнууд долдугаар сарын 18-ны өдөр ачааны галт тэргэнд нарийвчилсан үзлэг, шалгалт хийх явцад 6,2 кг орчим алтыг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоожээ. Алтыг галт тэрэгний далд эд ангид нуусан байсан бөгөөд зах зээлийн ханшаар бодвол 558 сая төгрөг болж байгаа тухай Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Энэхүү онц ноцтой хэргийг урьдаас зохион байгуулалттайгаар төлөвлөсөн байж болзошгүй тул эрүүгийн хэрэг үүсгэн хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа ажээ.
эх сурвалж: ньюс.мн