Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хятадын Энхтайван хөгжлийн сан, “Хангарьд UB” клуб байгууллагын хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд энэ оны дөрөвдүгээр 17-нд “Хүүхдийн амбулатори” барихаар шав тавьсан билээ. Тэгвэл өнөөдөр Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод хүртээмж муутай байгаа “Хүүхдийн амбулатори” шинээр баригдаж, нэгээр нэмэгдэж байна. Нээлтэн дээр
УИХ-ЫН ДЭД ДАРГА, МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭРХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.
Эрхэмсэг ноён, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Син Хаймин, Хятадын Энхтайван хөгжлийн сангийн нарийн бичгийн дарга, хатагтай Ю Шиао Шуан болон энд хүрэлцэн ирсэн Чингэлтэй дүүргийн иргэд Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Одоогоос нэг жил гаруйн өмнө БНХАУ-ын Засгийн газрын Энхтайван хөгжлийн сангийн удирдлага Монгол улсад айлчлах үеэрээ надтай уулзаж ярилцсан билээ. Бид энэ сан Монгол улсад хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ямар тодорхой, бодитой ажлуудыг хийвэл зүйтэй вэ гэдэг дээр санал бодлоо хуваалцсан. Тэр үед би “Чингэлтэй дүүрэгт, энэ дүүргийн ард иргэдэд тус нэмэр болсон нэг шинэ эмнэлгийг барьж байгуулбал зөв зүйтэй байна. Улаанбаатар хотын томоохон дүүрэг, хүн ам ихээр суурьшдаг” хэмээн хэлж, санал болгож байсан. Намайг яагаад энэ эмнэлгийг Чингэлтэй дүүрэгт бариулах саналыг гаргасан бэ? гэдгийг та бүхэн бараг мэдэж байгаа. Миний улс төрийн амьдралын гараа энэ дүүргээс гаралтай. 1992-1996 онд би Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын албан тушаалуудыг хашиж, та бүхний дундаас Монголын улс төрийн амьдралд орж ажилласан. Тийм учраас би чингэлтэйчүүддээ зориулж, амьдралд нь тустай юм хийх ёстой гэж бодож, энэ эмнэлгийг Чингэлтэй дүүрэгт барьж байгуулах санал гаргасан юм. Энэ саналыг минь хүлээж авч, маш богино хугацаанд барьж байгуулж, иж бүрэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, үйл ажиллагаа эхлүүлэх ийм сайхан боломж олгосон Энх тайван хөгжлийн сангийн удирдлага, хатагтай Ю Шиао Шуан, энэ эмнэлгийн хөрөнгийг гаргах шийдвэр гаргасан бүх хүмүүст нийт Чингэлтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн энэ барилга байгууламжийг барих ажлыг Монголын талаас хариуцан ажилласан “UB Хангарьд клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, бүх талын дэмжлэг үзүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ганболд нарт баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Энэ сайхан барилга байгууламж, эмнэлэгт ажиллах эмч нар техник тоног төхөөрөмжөө ном дүрмийнх нь дагуу аль болох урт удаан хугацаанд ашиглаж, иргэдийнхээ эрүүл мэндийг сахин, Чингэлтэй дүүргийн хойч ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл саруул өсгөн бойжуулж, хүмүүжүүлэх үйлстээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Монголд хамгийн анхны тусламжийн эмнэлгийг ийнхүү барьж байгуулсан Энхтайван хөгжлийн сан цаашдаа суурин төлөөлөгчийн газраа байгуулж, Монгол-Хятад хоёр орны харилцаанд тодорхой хувь нэмрээ оруулсан олон сайхан үйл ажиллагааг хийх бодолтой байгаа юм билээ. Байгуулагдаад 5 жилийн ойтойгоо золгож байгаа энэ сангийн цаашдын ажилд амжилт хүсье.
Өнөөдөр үүд хаалгыг нь нээж байгаа энэхүү хүүхдийн амбулатори Монгол-Хятадын ард түмний найрамдалт хамтын ажиллагааны билэг тэмдэг болж он удаан жил үйл ажиллагаагаа явуулах болтугай.
Санал болгох мэдээ
Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна
“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …