ЭМС-ын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг авлигал авсан хэргээр АТГ-аас гэнэт баривчилсан нь Н.Энхбаяр болон МАХН-ынхан цаашлаад МАН, АН-ыг хөдөлгөөнд оруулжээ. Өчигдөр үдээс өмнө зарлагдсан байнгын хорооны ирц бүрдээгүй болон чуулган хуралдаагүйн шалтгаан нь уг баривчилгаатай л холбоотой. Учир нь хуралд суух ёстой гишүүд нь тарж, алга болцгоожээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН, МАХН-ынхан нэгдэж, эвсэх нь бараг тодорхой болсон гэнэ. Уржигдар орой хоёр намын ахмадууд нийлж М.Энхболд, Н.Энхбаяр нарт өргөх бичиг өргөн барьсан. Өргөх бичгийн утга нь хоёр намыг нэгтгэх тухай байв. Тэдний өргөх бичигт МАН-ын дарга М.Энхболд “Судалж үзье. Ойрын хугацаанд шийдвэрлэе” гэсэн утгатай хариултыг өгсөн байна. Үүний дараа буюу өчигдөр өглөө тус хоёр намын дарга нар болон Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт болохоор товлогдож байжээ. Гэтэл тэр уулзалтад оролцох нэг хүнийг нь баривчилж орхисон нь энэ. Мөн хоёр намын эмэгтэйчүүд болон залуучуудын байгууллагууд хүртэл нэгдэж дарга нартаа өргөх бичиг өргөн барихаар бэлтгэж байжээ. Үүнийг АН-ынхан мэдэж сануулга өгч буй нь Г.Шийлэгдамбын баривчилгаа болсон бололтой. Учир нь МАН, МАХН урьдын адил нэгдвэл ирэх сонгуульд баараггүй ялж АН-ыг нэг мөсөн арчиж хаяж мэднэ. Нэг үгээр хэлбэл дийлдэхгүй юм болно. МАН, МАХН-ынхан нэгдэж, эвсэх нь тодорхой болсон. Тус хоёр нам нэгдэж ээлжит бус сонгууль зарлан одоогийн УИХ-ыг цагаас нь эрт тараавал АН-ын тавьж буй концерт өндөрлөнө гэсэн үг. Тус хоёр нам нэгдэж ээлжит бус сонгууль зарлан одоогийн УИХ-ыг цагаас нь эрт тараавал АН-ын тавьж буй концерт өндөрлөнө гэсэн үг. Угаас “Шударга ёс” эвслийнхэн аль эртнээс УИХ-ыг цагаас нь эрт тарааж, ээлжит бус сонгуулийг явуулъя гэж ярьж эхэлсэн шүү дээ. Энэ нь мэдээж Ч.Сайханбилэг, З.Энхболд, Х.Баттулга нарын хэнд ч ашиггүй. Тэгэхээр эхэлж Ерөнхий нарийн бичгийн даргыг баривчлаад араас нь даргыг нь баривчлах төлөвлөгөө АН-ынханд байж мэдэх юм. Цаашилбал барьж, хорих ажиллагаа МАН-ынхнаар ч үргэлжилж болох юм гэх сануулгыг өгч буй бололтой. МАН-ын хувьд МАХН-тай нэгдэхийг дуртайяа хүлээн зөвшөөрнө. Учир нь тэд хуваагдсан хүчээ буцаан татаж авч байна гэсэн үг. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Энхбаяр Солонгосоос ирснийхээ дараа МАН-ын дарга М.Энхболдтой хэд, хэдэн удаа уулзсан байна. Ингэхдээ хоёр намын нэгдлийн талаар ярилцжээ. Тэгэхээр МАН, МАХН нэгдэх яриа эртнээс төлөвлөгдсөн байсан гэсэн үг. Удалгүй хоёр намын дарга нийлж суугаад “Намуудын ахмад болон залуус, эмэгтэйчүүдийн байгууллагуудаас ийм санал гаргасан. Бид намынхаа гишүүдийн саналыг хүндэтгэж, урьдын сайхан явдлаа дурсаж нийлж байна” хэмээн ярьж мэдэх юм. Гэхдээ тэднийг ингэж суухаас өмнө АН-ынхны хийх үйлдэл ямар байхыг харах үлдлээ. Өршөөлийн хуулиар АН-ынханд хулхидуулсан Н.Энхбаярын дараагийн нүүдэл МАН дээр ирсэн нь энэ.Үүнээс илүү удахгүй нэг үйл явдал тов, тодорхой өрнөж мэднэ. Тэр нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагах үйл явц. УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Тус бичигт нийт 19 гишүүн гарын үсэг зурвал тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх боломжтой болно гэсэн үг. Харин одоо төвөггүй 19 гишүүний гарын үсэг цуглах нь. Одоогийн байдлаар тус бичигт МАН, АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн нийлсэн нийт 14-15 гишүүний гарын үсэг байгаа аж. Тэгвэл одоо баруун гарынхаа хүнийг баривчлуулсан Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн даргагүй болсон Н.Энхбаярын үйлдэл Ч.Сайханбилэгийг унагахад жинтэй хүч нэмэхээр болов. Тэд ЗГ-ыг унагаж өшөөгөө авна. МАН-аас Д.Хаянхярваа, Ц.Нямдорж нарын гишүүд аль эрт гарын үсгээ зурчихсан. Ямартай ч ойр, ойрхон болж буй баривчилгаанууд Шийдлийн ЗГ-ыг хүндхэн байдалд оруулж мэдэх нь.
Т.Хулан