“Москвад найтаадахад Улаанбаатарт ханиад хүрдэг” гэдэг хэлц бий. Үүн шиг л юм сүүлийн өдрүүдэд монголд өрнөж байх шиг.МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын дарга М.Энхболдод захидал дайж, хамтрах хүсэлтэйгээ илэрхийлэв. МАН-ынхан ч “Үсэрсэн цус, тасарсан мах” гэж ирээд л тэвэрч угтах нь тэр.Энэ бүхэн нь хэн нэгний дургүйг хүргэж, арга хэмжээ авахад хүргэсэн бололтой юм. Тавантолгой, Халх голын чөлөөт бүс байгуулах тухай тогтоол зэргээс олны анхаарлыг холдуулахад ч дэм болно гэдгийг ухаарах сэргэлэн тархи юм л даа, тэрхүү эрхэм нь. Өнөөдөр нийгэм МАХН-аар л амьсгалж байна. Юун тэр Тавантолгой, Халх гол хэсэгтээ л намжих нь тодорхой боллоо. Энэ хооронд харин дээрх асуудлыг тухтай шийдчих нь тодорхой биз. Х.Баттулга гишүүний хэлдэгээр ёстой л асуудал хөврөх юм гэсэн, МАХН-ынхны хувьд.
Г.Шийлэгдамба Зүүн хараагийн хорих ангид хоригдож байна
МАХН-ын генсек, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг 500 сая төгрөгийг хахуульд авч байхад нь үйлдэл дээр нь барьсан гэсэн мэдээллийг АТГ-аас гаргаж, Зүүн хараагийн хориход аваачжээ. Намынх нь гишүүн Э.Эрдэнэжамъян 461 дүгээр хорих ангиас хайгаад олоогүйн учир энэ. МАХН-ынхан сандран мэдээлэл хийж, АТГ-ын кино зохиолд итгэхгүй байгаагаа илэрхийлж, улс төрийн хилмэгдүүлэлтийн 2 дугаар үе шат хэмээв.
Г.Дугаржав Н.Энхбаяртай зодолдох дөхсөн гэв үү
Г.Шийлэгдамбын сайн найз гэгдэх МАХН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Г.Дугаржав үүссэн асуудлаас болж Н.Энхбаяртай нударга зөрүүлэх шахсан тухай мэдээлэл цацагдав. Журмын нөхрөө өмөөрч, ахмадууд болон залуучууд “Чиний бохир улс төрийн золиос болох учиргүй” гэж хэлснээс тэдний хоорондох маргаан үүссэн юм байх.
З.Баянсэлэнгийн талаарх ор сураггүй мэдээллийг хэн тараав
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг АТГ-аас шалгах гэж оролдсон ч УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь саад болсон тул Ерөнхий прокурор Халдашгүй байдлын дэд хороонд хүсэлт илгээж, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тухай мэдээлэл цацагдав. Үүний дараа З.Баянсэлэнгэ гишүүн мэдээлэл хийж, ямар ч асуудал үүсээгүй талаар тайлбарлав. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд ч энэ талаар мэдээлэл өгөөгүйг бодоход худал гэдэг нь тодорхой. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-д хамгийн удаан суусан, хамгийн өндөр настай 3 гишүүн байдаг.
Н.Энхбаяр, Э.Батшугар нарыг байцаах уу
Иймэрхүү мэдээлэл хүртэл гарах болсон. МАХН-ынхан өөрсдөө ийм мэдээлэл тарааж явна билээ. “Н.Энхбаяр, Э.Батшугар нарыг Г.Шийлэгдамбын дараа барина” гэсэн. Үнэндээ МАХН-ынхан энэ бүх мэдээллийг өөрсдөө гаргаж, өрөвдүүлэх тактик гэгчийг хэрэглэтэл эсрэг талаас нь анхаарал сарниулах тактик гэгчийг хэрэглэж, өөрсдөдөө ашигтайгаар асуудлыг шийдэх гарцыг олж харсан бололтой. Асуудал хэрхэн өрнөхийг харж л сууя.