Аливаа улс үндэстний аюулгүй оршин тогтнох үндэс, өөрийн улс орны хил хязгаар нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байх зэргийг хариуцан хамгаалах нэр хүндтэй бөгөөд ариун, хариуцлагатай үүрэг Монгол Улсын зэвсэгт хүчинд ноогддог билээ. Аль ч улсын нүүр царай, дүр төрх нь ч цэрэг армиас нь харагддаг. Манай Зэвсэгт хүчин ч мөн адил Монгол улсынхаа нүүр царай болж дархан хилээ хамгаалахаар эрчүүд цэрэгт татагдан очдог. Гэвч сүүлийн жилүүдэд цэрэгт явах эрчүүд ховордож зугтах болжээ. Эрх мэдэлтэй, баячуудын хүүхдүүд цэргийн албаас зугтаж эцэг эх нь эрх танхил хүүхдүүдээ гадагшаа сургадаг болсон. Энгийн иргэд яах ч аргагүй байдлаар дуртай, дургүй цэргийн албанд татагдан орно. Яагаад Монгол залуучууд эх орныхоо төлөө цэргийн алба хаахаас зугтаж байна вэ. Мэдээж цэргийн дарамт шахалт гэдэг зүйл залуусын дунд яригдаж буй нь мэдээж. Эх орны төлөө зүтгэхээр эцэг эхдээ үнсүүлээд эрүүл саруул цэргийн алба хаахаар явсан хүү нь нэг л өдөр эрүүл мэндээр хохироод ирэхийг хэн ч хүсэхгүй. Цэргийн хатуу дэглэлтээс болж ямар нэгэн байдлаар “нөхөн сэргээгдэхгүй гэмтэл, согог учрах, мэдрэлийн сааталтай болох, бүр цаашлаад амь насаа алдах, амиа егүүтгэх, мөр зэрэгцэн алба хааж яваа нөхрөө хөнөөх зэрэг гэмт хэрэгийн сэдэлтэй үйлдлүүд нь” цэргийн албаны талаарх сөрөг “message” нийгэмд өгөх болсон нь дээрх сэтгэлгээнд улам хүчтэй ташуур өгч байгаа юм. Энэ ч хий хоосон мэдээлэл биш. Сүүлийн үед цэргийн алба хаахаар мордсон залуучууд маань амиа алдах, дарамт шахалтанд өртөх, амиа хорлох гэх зэрэг мэдээллүүд гарах болсон. Өнөөдөр гэхэд л УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан алба хааж байгаад нас барсан цэргүүдийн талаар мэдээлэл хийсэн. Хөвсгөл аймгаас хоёр жилийн хугацаанд дээрх цэргийн ангид татагдан очсон цэргүүдээс тав нь нас барсан бол тав нь ар гэрийнхээ асаргаанд байгаа аж. Энэ тухай хохирогчдын ар гэрийхэн мэдээлэл хийж “өнөөдөр цэргийн алба залуусыг айдаст автуулж байгаа” талаар үнэн бодитоор ярьцгааж байв. Ийнхүү эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэргүүд дарга нарынхаа ёсзүйгүй үйлдэл, дээрэлхүү зангаас болж хохирсоор байна. Харин эцсийн шатанд энгийн ардын хүүгийн буруу, танил талтай даргын зөв болоод өнгөрдөг билээ. Энэ бүхэнд өнөөдөр хяналт тавьж холбогдох алба, яам, сайдууд анхааралдаа авах цаг болжээ. Эх орныхоо дархан хилийг хамгаалж, эр хүн болоод ирнээ хүү нь гээд мордох эрсийн зориг зүрхийг мохоож байна. Цэргийн алба гэж үхлийн талбар биш. Хаа газрын цэргийн албанд дарамт шахалт тодорхой хэмжээнд байх ч ийн сэтгэл зүйд нөлөөлөхүйц, амь насанд хүрэх хэмжээнд байж болохгүй. ХХЕГ хариуцлага хүлээх шаардлагтай. Амь үрэгдсэн, эрүүл мэндээр хохирсон цэргүүдэд ямар нэгэн байдлаар бурууг тохож цэргийн албын алдаатай, хайхрамжгүй дэглэмийг хамгаалах нь буруу. Цаашид эх орны манаанд зогсох ирээдүйн цэрэг эрсийн сэтгэл санаанд хүнд тусах энэхүү хатуу дэглэм, дүрэм журмаа эргэн нэг харж цэргийн дарга нарт анхаарлаа хандуулах цаг иржээ.
Эх сурвалж: Шуурхай.мн