Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайдад хүргүүлсэн. Түүний өргөдлийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Намуудын тохиролцоогоор МАХН-аас эл албанд хүнээ сойх ёстой. Одоогоор тус албан тушаалд хэн суух вэ гэдэг нь тодорхой болоогүй ч МАХН дотор ширүүн өрсөлдөөн эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ын гишүүд ЭМС-ын сайдын суудал дээр нэлээн том зодоон өрнүүлж буй сурагтай. Тэдгээрээс хамгийн ширүүн тулааныг Н.Удвал, Ц.Шаравдорж нар эхлүүлсэн байна. Эрүүл мэндийн сайдын албан тушаалаас буугаад удаагүй байгаа Н.Удвал дахин сайд болохоор өрсөлдөж буйг эсэргүүцэх хүн нам дотор нь олон байгаа гэнэ. Учир нь түүнийг Эрүүл мэндийн сайд болон дэд сайдаар хэд, хэдэн удаа ажиллахдаа олигтой ажиллаагүй, салбараа тааруухан удирдсан гэж дүгнэж байгаа аж. Тэгээд ч Эрүүл мэнд, спортын сайдад Н.Удвалаас өөр хүн очих боломжийг нэг удаа олгох ёстой гэж тус намынхан нь ярьж буй сурагтай. Нэгэн цагт тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан бүсгүйг хүртэл дэмжихгүй байгаагийн шалтгаан нь МАХН залуусаа дэмжих ёстой гэсэн хэсэг хүмүүсийн ярианаас үүдэлтэй аж. Харин УИХ-ын гишүүн асан, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийн хувьд Н.Удвалаас дор хүндхэн байдалтай байгаа гэнэ. Түүнийг болох бүтэхгүй бүх зүйлд оролцож явдаг. Тэтгэвэрт гарах насны хүн байж залуусдаа байр, суудлаа тавьж өгдөггүй. Мөн нийгэмд нэр хүнд багатай. Тиймээс сайдад нэр дэвшүүлж болохгүй гэдэг шүүмжлэл их дагаж байгаа аж. Ямартай ч Н.Удвал, Ц.Шаравдорж нарын хувьд хоёулаа тус албан тушаалд очих сонирхолтой байгаа бөгөөд нилээн ширүүн тэмцлийг нам дотроо өрнүүлж байгаа сурагтай. Тэдний хажуугаар мэр, сэр хүмүүсийн нэр ч дуулдаж байна. Үүнээс гадна МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын асуудал ч хөндөгдөөд эхэлжээ. Г.Шийлэгдамбыг баривчилж саатуулсан нь МАХН доторх албан тушаал горилсон хүмүүсийг хөдөлгөөнд оруулсан байна. Г.Шийлэгдамбын оронд намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдох магадлалтай хүмүүсийн дунд МАХН-д гишүүнээр элссэн УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарын нэр дуулдаж байна. Г.Шийлэгдамба Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан гаргасан ажлаас чөлөөгдөх өргөдөлдөө “АТГ-ын байцаагчид надад эрүүгийн тусгай ангиар хэрэг үүсгэж, ихээхэн хэмжээний мөнгө авсан мэтээр тулган байцаасан. Тухайн үед миний өрөөнд хувийн зорилгоор өөрийн олон жилийн танил нөхрөөс зээлсэн мөнгийг хадгалж, хувийн хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөж байсан. Би ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй. Өөрийн эрх мэдэл, албан тушаалыг ашиглаж тэрхүү мөнгийг олоогүй учраас АТГ-ын байцаагчид үзүүлсэн. АТГ-аас энэ хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж, ямар нэгэн хууль бусаар олсон мөнгө эсэхийг тогтоох нь зүйтэй гэж үзээд хэрэг үүсгээд ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарынхаа ажилчдын нэр хүндийг сэвтээхгүй байхыг хичээж байна. Дээр нь энэ хэрэг улс төрийн нөхцөл байдлаас үүдэн багагүй хугацаа шаардагдах болсон тул би өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэж бичсэн байсан юм. Түүнийг цагдан хорьсныг намын нөхөд нь эсэргүүцэж байгаа юм. Харин эх сурвалжийн мэдээллээр АТГ-ын мөрдөн байцаагч цагдан хорих болсон үндэслэлээ прокурорт танилцуулж, эрхээ авсан. Прокурор шүүхэд уг асуудлыг танилцуулсанаар захирамж гарган цагдан хорьжээ. Шүүхийн захирамжаар 14 хоног цагдан хорихоор болсон. Хэрэв дээрх хугацаанд яллагдагчаар татвал цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах эрх нь нээлттэй юм байна.
Т.Хулан
EVERYDAY.MN