Үргүй болохоос дархлаажин хамгаалагдсан гэсэн өрөөсгөл үзэл дунд амар амгалан амьдарсаар ирсэн улс бол эрчүүд. Гэвч сүүлд хийгдсэн судалгаа энэ бүхнийг өөрчиллөө. (Бидний ертөнцөд тавтай морил, залуусаа!) Эмэгтэй хүний хувьд үргүй болох вий гэсэн айдас бараг өсвөр наснаас нь эхлэн сууж эхэлдэг. Эцэг эх, сайхан сэтгэлтэй эмч домч нар, инээдмийн кино гээд бараг бүгд л хүүхэдтэй болохыг хүсвэл 35 хүрэхээсээ өмнө амжуул гэж анхааруулдаг. Өөрөөр хэлбэл өндгөн эсүүд чинь хатаж, олон муур тэжээдэг хөгшин эмэгтэй болохоосоо өмнө хүүхэдтэй болох ёстой гэсэн үг. Харин эрчүүд яадаг бол? Хүссэн үедээ л хийчихдэг юм шиг харагддаг.
Гэвч саяхны нэг судалгаа эр хүнд “хүүхдийн цаг” байдгийг олж нээжээ. Тэдэнд ч гэсэн яарахгүй бол цагийн зүү түгшүүртэйгээр цохилж байдаг аж. Нас даган эр хүний үр ялгаруулах чадвар муудаж, үр хүүхэд нь удамшлын өвчтэй төрөх магадлал нэмэгддэг. Эр хүний биологийн цаг номын зохиолч Харри эмчийн зөвлөж буйгаар эр хүн хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол 35 хүрэхээсээ өмнө амжуулах ёстой аж.
Үр ӨГӨӨЖ БАГАСАХ
Рекорд эвдсэн баримт: Харри эмчийн хэлснээр 35 болон түүнээс дээш насны эрчүүд 35-аас доош насны эрчүүдээс хүүхэд тогтоох чадвараараа хоёр дахин муу байдаг гэнэ. Хэдийгээр эрчүүд насан туршдаа үрийн шингэн ялгаруулдаг боловч 30 эсвэл 40 гараад энэ тоо нь улам бүр багасдаг. Үрийн шингэний бууралт нь эмэгтэй хүний өндгөн эс багасахтай харьцуулбал арай удаан явагддаг. Нас хамаагүй гэж бодож болохгүй. Харин ч чухал үүрэгтэй зүйлийн нэг. Эр хүний ялгаруулж буй үрийн шингэний хэмжээнд бус харин түүний чанарт хамаг асуудал байгаа юм. Эр хүн дур тавих бүртээ шинэ үрийн шингэний эдийг ялгаруулдаг. Гэвч бусад эд эрхтнүүдийн адилаар төмсөгний эд эс ч гэсэн хөгширч, урьдынх шигээ ажиллах чадваргүй болдог. Тиймээс эр хүний эд эсийн олшруулагч нь хөгшрөх тусам хромосомын мутаци ялгаруулж эхэлдэг. Энэ нь юу вэ гэвэл хэдийгээр түүний үрийн шингэн өндгөн эстэй нийлсэн ч гэсэн хэвийн бус байдал үүсэх эсвэл төрөл бүрийн бусад асуудлыг дагуулах магадлалтай. Судалгаанаас харахад аав болох нас хөгшин байх тусам Дауны синдром, аутизм, скизофрини хүүхдэд удамших хандлагатай болдог. 35-аас дээш насны эрийн хүүхэд үрийн шингэний асуудлаас болоод зулбах магадлал нь ихэсдэг.
Хүүхэд БА ШАР айргийн ГҮЗЭЭ
Үрийн шингэний чанараас гадна эрчүүдийн санаа зовох ёстой бас нэг зүйл бол тэдний эрүүл мэнд. Эмэгтэй хүний хувьд үр тогтоох чадварын хамгийн чухал хүчин зүйл нь нас байдаг. Харин эрүүл бус эр хүн: жин ихтэй, тамхи татдаг, хар тамхи хэрэглэдэг, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг эрчүүдийн үрийн шингэнийн чанар болон түүнийг ялгаруулах чадвар эрүүл эрчүүдийнхээс хавьгүй доогуур байдаг. Эцэст нь хэлэхэд, хамтдаа хүүхэдтэй болно гэж боддог үнэнч хамтрагчтай бол эртхэн энэ тухай ярилцсан нь дээр. Яагаад гэвэл тэр өөрийн шингэний сэлэх чадварыг Michael Phelps шиг хэзээ ч бууршгүй гэж эндүүрч яваа. Хөгшрөх явцыг тэр зогсоох боломжгүй ч эрүүл хүүхэдтэй болохын тулд эрүүл чийрэг бие хаатай байх боломж түүнд бий. Та хоёр хоёулаа энд маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн байдлаар түүнд ханд. “Хоёулаа эрүүл хүүхэдтэй болъё гэвэл өөрсдөө эрүүл байх хэрэгтэй. Удаан хүлээх тусам олон асуудалтай тулгарах юм шиг байна” гэж хэл. Бас “Цаг хугацаагаа эртхэн зохицуулах тусам сайн” гэж эмч зөвлөсөн гээрэй.
эрчүүдийн эрүүл мэнд сонингоос