Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Ардчиллын төлөөх үндэсний сангийн Ази, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг болон олон улсын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Лүиза Гривийг хүлээн авч уулзан, ардчилал, авлигын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар харилцан санал солилцлоо. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга “Би тантай 1994 онд анх уулзаж, Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын талаар ярилцаж байсан. Харин өнөөдөр уулзаж байгаадаа таатай байна. Түүнээс хойш Улаанбаатар хот маань нилээн өөрчлөгдсөн байгааг та харж байгаа байх. Монгол Улсын хувьд ардчилал бага зэрэг нэр хүндээ алдаж, зохих зорилгоосоо гажсан зүйл бий. Тиймээс би Хотын Захирагчийн хувьд үүнийг зөв гольдролд оруулж, засаглалыг сайжруулахад өнгөрсөн хугацаанд багагүй суурь өөрчлөлтийг хийлээ. Одоо бидний хийхээр төлөвлөж буй хамгийн чухал ажил бол “Төрийн үйлчилгээний супермаркет”-ыг хот байгуулж байгаа юм. Энэ нь иргэд дэлгүүрт ороод мөнгөө төлөөд бараа худалдаж авдаг шиг төрийн үйлчилгээг нэг дороос хугацаа алдалгүй, чирэгдэлгүй авах боломжийг олгоно. Эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулах бөгөөд цаашид Мишээл экспо, Содон хороололд байгуулахаар төлөвлөж байна. Энэ үйлчилгээ нь засаг захиргааны мөн чанарын томоохон өөрчлөлт болно гэж итгэж байна” гэлээ.
Хатагтай Лүиза Гриви “Улаанбаатар хот авлигагүй хот байхын төлөө цаашид тууштай явах уу?. Сонгууль болж удирдлагууд солигдоход энэ бодлогоо баримтлана гэх баталгаа бий” эсэхийг тодруулахад, Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн ИТХ-аар “Авлигагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийг баталсан. Тиймээс энэ бол урт хугацаанд хэрэгжих бодлогын хөтөлбөр. Тиймээс үүнд санаа зовох зүйлгүй” гэсэн юм. Мөн Улаанбаатар хотын засаглалыг сайжруулах, авлигын эсрэг ажлын хүрээнд Ардчиллын төлөөх үндэсний сангийн зүгээс хэрхэн хамтарч ажиллах саналтай байгаа талаар асуухад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид төрийн үйлчилгээний супермаркетыг амжилттай ажиллуулахын тулд тэнд ажиллах мэргэжилтнүүдэд арга зүйн туслалцаа өгөх шаардлагатай байна. Мөн тэдэнд өгөх сургалтыг албан тушаалтнууддаа ч өгмөөр байгаа юм. Тиймээс бидний хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох, чадавхжуулахад дэмжлэг авах хүсэлтэй байна” гэлээ. Ардчиллын төлөөх үндэсний сангийн Ази, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг болон олон улсын хөтөлбөр хариуцсан дэд ерөнхийлөгч Лүиза Гриви “Бидний зүгээс энэ тал дээр туслалцаа үзүүлэх боломж бас туршлага бий. Төрийн үйлчилгээг дэлгүүрт үйлчлүүлж байгаа шиг иргэд авна маш сонирхолтой санагдаж байна” гэсэн юм. Тэрээр Улаанбаатарт ажиллах хугацаандаа нийслэлийн төрийн үйлчилгээний супермаркетын бэлтгэл ажилтай танилцажээ.