Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний 11 цагт Засгийн газрын иргэдийн санал хүсэлтийг хүлээж авдаг “11-11” төвд боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” ээлжит уулзалтдаа Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн нарыг урьжээ.
Засгийн газар байгуулагдсан энэ нэг жилийн хугацаанд “11-11” төвд 25 мянган иргэн санал хүсэлт ирүүлсний 500 орчмыг нь Ерөнхий сайдад хаягласан байгаа юм. Өдөрт дунджаар 230-250 иргэн ханддаг бөгөөд тэдний саналын нэлээд хувь нь үнийн өсөлт, шатахууны үнэтэй холбоотой асуулт, санал байдаг байна.
Манай улсад шатахууны үнэ харилцан адилгүй, өөрөөр хэлбэл хотод арай хямд хөдөөд үнэтэй байдаг. Хөдөө, орон нутагт ажиллаж амьдарч буй иргэдээ урамшуулдаггүй юм гэхэд шатахууны үнэ тэдэнд торгууль шиг тусдаг энэ ялгааг арилгах нь Засгийн газрын үүрэг. Газар нутгийнхаа 0,4 хувь буюу нийслэл хотдоо хүн амын тал нь бөөгнөснийг гайхаад байх явдалгүй. Эрх тэгш байх, адил боломжоор хангагдах эрхэм үнэт зүйл замын урт, газрын хол, км-ийн заалтаар өөрчлөгдөж байх ёсгүй. Ховдод, Говь-Алтайд, Хөвсгөлд эсвэл Дорнодод, Сүхбаатарт, Өмнөговьд шатахууны суурь үнэ нийслэл хотынхтой ойролцоо байх нөхцөлийг бүрдүүлэх нь Засгийн газрын гол зорилтуудын нэг юм гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэллээ.
Үнэ харилцан адилгүй байдагт хязгаар нутагт хүргэх тээврийн зардал өндөр гэсэн ганц шалтгаан хэлдэг. Чөлөөт зах зээлд шууд үнэ тогтоодоггүй, тийм нийгэм, цаг үе биш боловч Засгийн газар оновчтой бодлого, шийдэл, уян хатан татвар, санхүүгийн хөшүүргээр зохицуулах учиртай. Энэ хүрээнд Засгийн газраас арга хэмжээ авч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд УИХ-аас олгосон эрхийн дагуу өнгөрөгч даваа гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар манай улсад нийлүүлэгдэж байгаа нефть, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг бүсийн ялгавартайгаар тогтоохоор шийдвэрлэж, хилийн боомтуудад онцгой албан татварын хэмжээг харилцан адилгүй тогтоосон гэлээ.
Тухайлбал, Ховд аймагт нэг литр шатахууны үнэ 2100 төгрөг байгаа нь хамгийн өндөр байна. Баруун бүсэд шатахууны үнэ төвийн бүсийнхээс 250-400, зүүн бүсэд 120-160 төгрөгөөр илүү байна. Энэ зөрүүг ойртуулах, орон нутагт шатахууны үнийг бууруулах боломжийг бүрдүүлсэн татварын зохицуулалтыг Засгийн газар гаргалаа гэдгийг Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн хэллээ.
Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга, Ханх зэрэг боомтоор импортлох нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг тэглэж, төвийн бүсэд 400, зүүн бүсийнхийг 270 мянган төгрөг гэхчлэн ялгавартай тогтоосон нь шатахууны үнийн зохицуулалтыг хийх боломжийг бүрдүүлээд байгаа юм.
Шатахууны үнэ сүүлийн гурван жилд тогтвортой байсан, цаашид ч тогтвортой байлгахын төлөө Засгийн газар татварын уян хатан бодлого барьж ажиллана. Энэ нь хөдөөгийн ард иргэдийг түлш шатахууны илүү үнээс чөлөөлж, эрх тэгш байх эрхийг нь хангах юм. Энэ үр дүн бусад хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ ханшид ч эергээр нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Нефтийн үнэ дэлхийн зах зээлд буусан энэ үед нөөц, хуримтлалын сан бий болгох чиглэлд Уул уурхайн яам, Газрын тосны хэрэг эрхлэх газар хамтарч ажиллах, хязгаар нутгуудад шатахууны үнийг төвийн бүсийнхтэй ойролцоо түвшинд хүргэх ажлыг энэ онд багтаан зохион байгуулахыг Ерөнхий сайд “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.