Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-нд баривчилсан. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих ангид саатуулаад байсан юм. Түүнтэй хамт Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан. Тэгвэл өчигдөр 17:00 цагийн үед шүүхийн шийдвэр гарч С.Батзаяаг батлан даалтад гаргасан. Түүнийг батлан даалтад гаргах эсэхийг нэлээд удаан хэлэлцэж шийдвэрлэсний эцэст өчигдөр сулласан байна. Мөн Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёлыг өчигдөр 13.00 цагийн үед батлан даалтад гаргасан байна. Цагдан хорихоос суллагдсаныхаа дараахан Б.Батзаяа өөрийн цахим хуудаснаа ийн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Тэрээр “Баярлалаа.. Эрхээ хязгаарлуулан хоригдож байх үед сайхан сэтгэгдэл бичиж, халуун дулаан урмын үгтэй мессеж илгээж үлдээсэн нөхдөдөө чин сэтгэлээс талархаж байна. Өчигдөр орой шүүхийн шийдвэрээр батлан даалтад гарч ирсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир нэг хэсэгтээ гэрээс холдохгүй, элдвийг ярьж бичихгүй байх ёстой гэж байгаа… Хийсэн гэм үгүй тул нугарч шантрах зүйл надад үгүй билээ, удахгүй үнэн мөн нь тогтоогдох нь лавтай. Бүхний хамгийн шударга шүүгч ЦАГ ХУГАЦАА…” хэмээв.
Эх сурвалж: Шуурхай.мн