Эдийн засаг хямарч, улс, нийслэлийн төсөв тасалдалтай энэ үед хотын төсвийн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхээр хотын өмч, хувьчлалыг нээлттэй дуудлага худалдаанд оруулж эхэллээ. Тухайлбал өчигдөр Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны хуучин өрхийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн хуучин Засаг даргын тамгын газар, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгууд болон хуучнаар “Автобус-3” нийслэлийн өмчит үйлдвэрлэлийн газрын барилга байгууламж зэргийг борлуулахаар нээлттэй дуудлага худалдааг явууллаа. Өчигдрийн өмчийн худалдаагаар зөвхөн Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны хуучин өрхийн эрүүл мэндийн төвийн барилга зарагдсан юм. Зарагдаагүй үлдсэн байршлуудыг энэ сарын 30-нд дахин дуудлага худалдаа зохион байгуулж, худалдаалахаар болсныг нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдлээ. Энэ оны өмч, хувьчлалын шийдвэрээс танилцуулбал, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэ оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 28 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг шинээр баригдах автобус баазын барилгыг ашиглалтанд орсоны дараа хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн. Барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд баригдаж ашиглалтад орсон. Нийт найман барилга байгууламжтай, Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2,5 га эзэмшил газар багтана. Харин нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ 26 тэрбум 432 сая 700 мянга төгрөг, дэнчингийн хэмжээ нь хоёр тэрбум 643 сая 270 мянган төгрөг. “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлах шийдвэр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын энэ оны 29 дүгээр тогтоолоор баталгаажсан байна. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга нь Засгийн газрын ордоны зүүн талд байрладаг бөгөөд 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5244 м2 талбай бүхий 2 давхар барилга юм. Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, цаашид ашиглах боломжгүй. Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2698 м2 эзэмшил газартай. Нээлттэй дуудлага худалдааны доод үнэ 7 тэрбум 155 сая, дэнчингийн хэмжээ 715 сая 500 мянган төгрөг. Мөн нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 30 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн байдаг. Нээлттэй дуудлагын худалдааны доод үнэ 3 тэрбум 906 сая 553 мянган төгрөг, дэнчингийн хэмжээ нь 390 сая 655 мянга 300 төгрөг байх юм.
эх сурвалж: news.mn