Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, ахмад настанд зохистой хэмжээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлийг бүрдүүлэх, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах, тэтгэврийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох аргачлалыг оновчтой тогтоох зорилгоор “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн боловсруулж, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар батлуулаад байна.
Энэ хүрээнд, нийгмийн даатгалын тухай багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг нийгмийн даатгалын харилцаанд оролцогч талууд, иргэд, даатгуулагчид, ажил олгогчид, судлаачид, тэтгэвэр авагчдад танилцуулж, тэдний саналыг тусгах зорилгоор 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран нийслэлийн төр захиргааны байгууллагууд, ахмадууд, ажил олгогч, даатгуулагчийн төлөөлөл, судлаачдыг оролцуулан Дэлхий банкны төслийн санхүүжилтийн тусламжтайгаар зохион байгуулсан байна.
Энэхүү бодлогын баримт бичигт туссан бодлогын зорилго, зарчимд нийцүүлэн нийгмийн даатгалын харилцааг зохицуулах хуулиудын шинэчилсэн найруулга болох Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл, Ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл, Малчдын тэтгэврийн даатгалын тухай хуулийн төслүүд болон үзэл баримтлалын төслийн эхний хувилбарыг тус тус боловсруулаад байгаа юм.
Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг батлуулснаар тэтгэврийн олон давхаргат тогтоолцоонд шилжих, тэтгэврийн хувь хэмжээний бууралтаас сэргийлж, ахмад настанд зохистой хэмжээний тэтгэвэр олгох нөхцөл бүрдэж, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх, тэтгэврийн сангийн урт хугацааны алдагдлыг бууруулантэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны шинэчлэлийг эрчимжүүлэх, төрөөс дэмжлэг үзүүлэх замаар малчдыг тэтгэврийн даатгалд хамруулах зэрэг нийгэм, эдийн засгийн олон ач холбогдолтой үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа юм.