Хүйтний эрч нэмэгдэж хаа сайгүй халтиргаа гулгаатай байгаа учир осол аваар их гарч байна. Сүүлийн үед тэр дундаа Нийтийн тээврийн том оврын автобусны аваар осол их байна. Дайрлаганд дайруулсан юм шиг дараалан осол гарч байгаа нь манайд орж ирж байгаа автобуснуудын ажиллах горимд асуудал байгааг харуулж байна. Тодруулбал, 2015 оны 11 сарын 28-ны 13.00 цагийн орчим СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэр Их нарангийн зам, Улаанчулуутын хогийн цэг явах замд “Сутайн буянт” ХХК-ийн Daewoo BS-106 автобусны жолооч Б нь ноцтой осол гарган. Ослын улмаас 14 хүн гэмтэж нэг хүн нас баржээ. Тодруулбал өнгөрсөн бямба гаригт чиглэлийнхээ дагуу зорчиж явсан автобус Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотын ард байрлах автобусны буудал болон 18 тоодод оршин суух Ж-ийн хашааг мөргөсөн байна. Ослын газарт нийслэлийн Онцгой байдлын Аврах ангийн алба хаагчид ажиллаж, Яаралтай түргэн тусламжийн эмч нартай хамтран анхны тусламж үзүүлээд гэмтсэн иргэдийг ГССҮТ-д хүргэсэн байна. “Эрдэм Транс” компанийн Зурагт-Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж явсан портерийн араас мөргөсөн осол дөнгөж саяхан гарав. Яармагийн гүүрэн дээр гарсан энэ ослын улмаас хэд хэдэн хүн гэмтсэний дотор өвс ачиж явсан портер машины жолооч маш хүнд гэмтэл авсан хэмээн газар дээр нь байсан эх сурвалж мэдээллэж байна. Урьдчилсан байдлаар хурдтай явж байсан автобус халтиргаатай замд хурдаа сааж чадалгүй дээрх ослыг гаргасан болохыг албаны эх сурвалж мэдээллээ. Бас Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо Энхтайваны өргөн чөлөө, Хархорин захын хойд замд Тэнүүн Огоо ХХК-ний Daewoo Bus-106 автобусны жолооч Г нь явган зорчигч П-г мөргөж амь насыг хохироосон ноцтой зам тээврийн хэрэг гарлаа. Долоон хоногт л иргэдийн хамгийн их зорчдог автобус хүнд осол гаргаж байгаа нь иргэдийн дунд айдас төрүүлж байна. Мөн автобусны ажиллагааг техникийн бүрэн бүтэн байдлыг шалгадаггүй, хурд хэтрүүлдэг гээд л жолоо ч нарын буруу харагдаж байгаа ч гэсэн Монголд оруулж ирж байгаа ХХК-ы хариуцлаггүй байдалаас их шалтгаалж байгааг иргэд онцолж байна.