Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн боомтын зорчих хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарласан. Энэ хугацаанд гадаадад гацсан монгол иргэдийг эх оронд нь авчрах, хилээр нэвтрүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан бөгөөд яаралтай нутаг буцах хүсэлтэй байсан бүх иргэнээ эх оронд нь ирүүлээд байна.
Энэ сард манай улс агаарын хилээ үе шаттай нээж, нислэг хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан иргэдээс маш олон асуулт Консулын газар ирж буй. Энэ талаар Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс дараах тодруулгыг өглөө.
Тэрбээр “Дэлхийн улс орнууд гадаадаас ирж байгаа иргэддээ янз бүрийн шаардлага тавьж байгаа. Гэхдээ албан ёсоор хоёр тун вакцин хийлгэсэн иргэдийг л нэвтрүүлнэ гэсэн хатуу шаардлага тавьсан улс орон байхгүй. Иргэдийн дунд энэ талын буруу ойлголт байна.Улс орон бүр вакцин хийлгэсэн иргэддээ гэрчилгээ олгож эхэлсэн.Манай улс ч гэсэн бусад улсын жишгээр вакцины гэрчилгээг олгоход бэлэн болсон. Вакцин хийлгэсэн гэрчилгээг гадаад улс хүлээн зөвшөөрч, нэвтрүүлэх чиглэлээр Гадаад харилцааны яам хэлэлцээр хийж байна. Хэрэв тухайн улс нь вакцины гэрчилгээ шаардлагатай гэвэл Монгол Улс монгол, англи хэл дээр хэвлээд гаргах боломжтой. Одоогоор аль нэг улс тийм вакцин хийлгэсэн хүнийг, ер нь вакцин хийлгэсэн хүмүүсийг нэвтрүүлнэ гэсэн тодорхой шийдвэр, мэдээлэл огт гараагүй байна” гэлээ.