Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс үүдэн шүүх эрх мэдэлд гацаа үүсээд байгаа. Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан цаг үеийн асуудлаар өмгөөлөгч Б.Энхзаяатай ярилцлаа.
Шүүх байгуулах тухай хуульд гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа тухайд та ямар бодолтой байна вэ?
Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож байгаа дүгнэлт гаргахдаа тухайн хуулийн агуулга, хууль тогтоогчийн санаа бодол зэргийг нухацтай авч үзэж, ойлголцох ёстой. Миний хувьд Шүүх байгуулах тухай хуульд нэг их тийм онц ноцтой зөрчил харагдаагүй. Аймаг гэдгийг заасан байхад би хувьдаа Шүүх байгуулах тухай хуулийн сүүлийн хувилбарыг боломжтой юм болов уу гэж боддог. УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьчихсан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс улбаалаад үзэхэд шүүхэд маш хүндрэлтэй байдлуудыг үүсгэж байгааг би жишээ татаж хэлье. Наад зах нь гэхэд өдөр бүр очдог шүүхийнхээ хаягийг харахад Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн гаднах хаягаа хэдхэн сарын өмнө шинээр солиод үүдэндээ өлгөсөн байдаг. Одоо дахин шүүхийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт ороход шинээр хаяг хадна. Түүнийг дагаад улсын хэмжээнд тамга, албан бланк мэтийн наад захын зүйлс өөрчлөгдөхөд ямар их хэмжээний хөрөнгө хүч зарлагадах бол? Үүн дээр нэмэгдээд шүүгчдийг хөдөө орон нутагт томиллоо гэхэд орон байрны асуудал хөндөгдөнө. Миний танил шүүгч өмнө нь хөдөө томилогдохдоо хотод байгаа байраа зараад явсан. Тэр хүн дахиж ийш тийш томилогдоход амь амьдрал нь үрэгдэл чирэгдэл үүсч таарна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарлаа гэхэд шүүхийн үүдэнд зогсож байсан миний толгойд одоо энэ хаяг өөрчлөгдөнө дөө яана даа, асуудал үүсэх нь дээ гэсэн бодол хамгийн түрүүнд гялсхийж байхад шүүх засаглалд ажиллаж байгаа хүмүүст ямар хэмжээний дарамт эргэлзээ төрүүлж байгаа нь тодорхой.
Үндсэн хуулийн зүйл заалтыг хэрхэн харж тайлбарлах, тухайлбал үгчилж бус агуулгаар нь олж харах, ойлгох тухай ярих болжээ гэж та хэлэх гээд байна уу?
Тийм. Тэр чинь л жинхэнэ эрх мэдэлтнүүд магадгүй хууль тогтоогчид шүүх засаглалынхан хоорондоо ярилцаж ойлголт дээрээ хэлэлцэж явахгүй бол дур мэдэн тайлбарлаж өнөөдрийнх шиг ойлгомжгүй байдал үүсгээд байхгүйг ярих болжээ. Үүн дээр мань мэтийн эрх мэдэл харамсалтай нь хүрэхгүй. УИХ өөрсдийн гаргасан хуулиа хамгаалах ёстой гэж би бодсон юм. Дүгнэлтийг хүлээж авах байсан юм бол зун нэг мөсөн хуулиндаа шийдэхгүй яасан юм бэ. Хууль тогтоох байгууллагын чадамж дархлаа энд бас яригдана. Ер нь хууль тогтоогчид дотор ямар мэргэжилтэй хүмүүс сууж байгааг та нар мэднэ шүү дээ. Мэргэшсэн парламентчаа байг гэхэд хуул бүтээх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хуульч байна уу гэдэгт би эргэлздэг. Жинхэнэ хуульчид нь ажиллаад, зөвлөхүүд нь зөвлөж байна уу. Зөвлөхүүд нь гэж хор найруулагчид нь л явдаг болохоос хууль зүйн техник дээр нь зөвлөдөг хүн байхгүй. Миний мэдэхээр 1990 онд байнгын ажиллагаатай парламентын Бага хурлын тамгын газар жинхэнэ хуульчдаар зөвлөхүүд сонгож авч байсан. Тэр үед одоогийн УИХ-ын гишүүн Л.Цог маш их үүрэг гүйцэтгэсэн. Намайг хүртэл өөрийнхөө зөвлөхөөр авах санал тавихад нь би баярлалаа, уучлаарай гээд өөрийн ажлаа хийгээд явж байсан. Зөвлөхүүд нь албан тоотоо бичиж чадахгүй байж яаж хууль хийх юм. Би маш их харамсдаг. Хуульчид гүйлгээ ухаанаараа л ийм утгатай юм байна гэх ойлгохгүй л бол ирж байгаа албан бичиг бол авах юмгүй.
Одоогийн шүүхийн бүтэц, зохион байгуулалтад амьдрал дээр нотлогдсон доголдол дутагдал юу байна вэ?
Шүүх дагнаад, шүүхийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй болоод үйлчилгээ нь өдрөөс өдөрт өөрчлөгдөж, тэр нь бидэнд мэдрэгдээд эхэлсэн. 3 дүүргийн дунд нэг шүүх хэргийн төрлөөр дагнан байгуулагдсан нь шүүхийн ачааллыг багасгаж байгаа. Энэ хэрээр шүүхийн шийдвэрийн чанар чансаа нэг хэрэгт анхаарал хандуулах байдалд ахиц гарсан. Хуучин аль шүүх нь ачаалал ихтэй, хэдэн шүүгч нь үйлээ үзээд үстэй толгойгоо маажаад ажиллаж байдгийг бид мэднэ л дээ. Давж заалдах шатны шүүх аймаг орон нутагт ачаалал ямар гэдгийг ч хэлж чадна. Ачаалал гэж байхгүй. Гэтэл дүүргийн анхан шатны шүүхийн ачаалал зүйрлэшгүй их. Дагнасан шүүхийн нааштай талуудыг өмгөөлөгч бид мэдэхгүй хэн мэдэх вэ. Одоо цагт техникийн хөгжил дэвшил сайжирснаар хөдөөний шүүхэд очих зардал цагаа хэмнээд онлайнаар хуралдаа орчихдог боллоо. Шүүхийн энэ шуурхай үйлчилгээ надад маш их таалагдаж байгаа. Урьдчилан хорих төвд хоригдож байгаа үйлчлүүлэгчийнхээ төлөө шүүхэд санал тавьж байгаа прокурортой зэрэгцэж ороод хорих нь зөв буруу гэдэгт мэтгэлцээн өрнүүлж байгааг онлайнаар харуулж байна. Миний өмгөөлөгч намайг өмгөөлөөд тэнд ярилцаж байна гэдгийг үйлчлүүлэгч маань хараад байж байгаа сэтгэл ханамжийн баталгаа гэдэг тийм зүйлээс мэдрэгдэж байгаа юм. Өмгөөлөгч зүгээр гүйж очоод суллуулах тухай ярьдаггүй юм байна, прокурор зэрэг хүмүүс хорих үгүйг минь шийддэг юм байна гэдгийг харж байна. Миний тайлбаргүйгээр олоод харна гэдэг бол яах аргагүй дэвшил.
Шүүхийн шинэтгэл мэдрэгдэж байна гэж та ярьж байна. Тухайлбал хэрэг шийдэхэд шүүгчдийн чадвар чансаанд ахиц анзаарагддаг уу?
Ахиц мэдрэгддэг. Шүүх өөрчлөгдөж байгаа. Ялангуяа шинэ шүүгчдийн гялалзсан ухаан, тархи толгой нь шинэ соргогоор аливаад ханддаг хандлагыг би онцолж хэлмээр байна. Оролцогчдын хүсэлтийг хүлээж авах авахгүйгээ дэнсэлж байгаа нь хуучнаас өөр болсон.Би 28 жил хуульчаараа ажиллаж байгаа. Яг үнэнийг хэлэхэд манай үеийн хуульчид тоондоо тааруу унших хичээлдээ сайн байсан. Тиймээс бидний тархи ажиллах нь зөвхөн хуулийн модон хэллэг дээр эргэлддэг, харах хүрээ нь хязгаарлагдмал. Тэгвэл одооны шүүгч, прокурор болж байгаа залуучууд тоонд сайн хүүхдүүд нь ялгараад хууль руу орчихсон. Логик сэтгэлгээ бол шууд ялгарна. Одоо та бид хоёрын яриад байгаа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоод ярихад хуучны болоод шинэ үеийн хууль тайлбарлах онол, үзэл баримтлалын ялгаа хол зөрүүтэй. Шинэ шүүгчид мэдээж туршлагаараа бол цаг хугацааны эрхээр чанаржина л даа.
Та их том сэдэв хөндөж байх шиг?
Тийм. Үүнээс илүүг би яриад яахав.Чи утгыг нь ойлгочихлоо.
Шүүхийн шинэ үе, “цус сэлбэлт” бол гэгээтэй л байгаа юм байна?
Шүүх нээлттэй, ил тод байх ёстой гэсэн цензурээр явж байгаа хүмүүс шүүх хуралдааны танхимдаа орж ирж байгааг нь хуучны манай үеийнхний орж ирж байгаатай харьцуулаад нэг хараарай. Эрс ялгардаг. Энэ бол яах аргагүй шинэтгэл. Шүүгч хүн биеэ яаж авч явах ёстойг нь Шүүхийн ерөнхий зөвлөл маш сайн суулгаж өгч байгаа гэж дүгнэдэг. Шийдвэр гаргах талдаа бол алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Тэртэй тэргүй засдаг хууль, шат шатны шүүх нь байгаа.
Ш.Саруул