МАН-ын бүлэг завсарлага авлаа

бүлэг_13

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг энэ өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/, 14/ дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, 2, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцжээ. Үндсэн хуулийн цэц, “Улсын Их Хурал Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахаар харилцан тохиролцож болохоор зааж, ийнхүү тохиролцсон бол гагцхүү нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарснаар газрыг албадан дуудлага худалдаагаар худалдахаар зохицуулсан байна. Уг зохицуулалт нь иргэний газраа захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг шүүхийн хяналтаас гадуур байх боломж бий болгож улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг, мөн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн” гэж үзэж 15 дугаар дүгнэлт гаргасан ба дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн холбогдох заалт болон 53 дугаар зүйлийн 53.4, 53.5 дахь хэсгийн үйлчлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна. Хууль зүйн байнгын хороо дээрх дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаар Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан гишүүдэд танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, О.Баасанхүү, Д.Ганхуяг, З.Баянсэлэнгэ, Ц.Даваасүрэн, Н.Батбаяр, Д.Оюунхорол, Д.Арвин нар асуулт асууж, мөн байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг судлан үзэх шаардлагын улмаас УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч байгааг тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …