Дээрх асуудлын дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батцогт уншиж танилцуулав.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Ж.Батбаяр, Д.Үүрийнтуяа нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан тул уг асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, тус зөвлөлийн дарга С.Эрдэнэ харьяа байнгын хороонд ирүүлсэн аж.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуульд заасны дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнийг сонгон шалгаруулах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, нэр дэвшигч 7 хүний материалыг хүлээн авчээ. Байнгын хороо санал тоолох комиссыг гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дунд саналын хуудсаар нууц санал хураалт явуулахад Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн төлөөллөөс “Юу Си Жи” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганбаяр, “Тайж” группын ерөнхий захирал Л.Ганпүрэв нар хамгийн олон санал авсан тул чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн томилуулахаар тогтсон байна. Мөн Ж.Батбаяр, Д.Үүрийнтуяа нарыг зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжжээ. Байнгын хорооны санал, дүгнэлт болоод нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Н.Номтойбаяр, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэр дэвшигч Д.Ганбаяр, Л.Ганпүрэв нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжиж, Ж.Батбаяр, Д.Үүрийнтуяа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.