НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Энэхүү өдрийг угтан Нийслэлийн Баянзүрх дүүргийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар сургуулийн зүгээс сарын аяныг зохион байгуулсан бөгөөд тус аяны хүрээнд “Эцэг, эхчүүдийн нэг өдөр”, сурагчдын хөгжөөнт буухиа тэмцээн, “Миний хүсэл” сэдэвт гар зургийн уралдаан, сурагчдын урлагийн наадам, спортын тэмцээн, Монголын Тусгай олимпийн хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарсан сурагчдын эрүүл мэндийн үзлэг, хүүхдийн үдийн цайны амталгаа зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсанаас гадна өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа. Тус сургуулийн үйл ажиллагааг нийгэм, олон нийт, эцэг эхчүүдэд таниулан сурталчах, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаарх нийгмийн ойлголт, хандлагыг өөрчлөх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг энэхүү “Нээлттэй хаалганы өдөр”-т холбогдох албаны хүмүүс болон урлаг, соёлын алдартнууд оролцсон бөгөөд энэ үеэр иргэд, олон нийт, зочид төлөөлөгчдийг сургуулийн үйл ажиллагаа, сурагчдын хэрхэн суралцаж буй байдал, сургалтын орчин, сурагчдын өөрийн гараар бүтээсэн бүтээлийн сантай танилцуулах, үзэсгэлэн худалдаа хийх, багш, сурагчдын урлагийн тоглолтыг сонирхуулах, мэргэжлийн эмч, согог зүйч багш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношилж, үнэлгээ хийх зэрэг үйл ажиллагаанууд явагдсан юм. Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн зүгээс сүүлийн жилүүдэд гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах ажлыг эрчимтэй явуулсаны дүнд сургалтын орчин, материаллаг бааз сайжирсан бөгөөд зөвхөн өнгөрөгч хичээлийн жилд нийт 338.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, тохижилтын ажил хийгдсэн байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ-ны санхүүжилтээр өөрийн сургуулийг түшиглэн Өдөр өнжүүлэх төв байгуулан ажиллаж байгаа ажээ.
Мөн тус сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчид 9 дүгээр анги хүртлээ суралцаж төгсдөг байсан бол энэ хичээлийн жилээс эхлэн дээрх сурагчид ахлах ангидаа үргэлжлүүлэн суралцаж, мэргэжлийн боловсрол эзэмших боломжтой болсон нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжилд чиглэсэн ихээхэн үр дүнтэй алхам болсон юм. Цаашид Баянзүрх дүүргийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 55 дугаар сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх, мэргэжил олгох цогцолбор сургууль болох зорилт тавин ажиллаж байна.