Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлах дуудлага худалдаа өнгөрөгч даваа гаригт нийслэлийн Хангарьд ордонд болсон.
Энэ дуудлага худалдаанд Монгол Улсын иргэншилтэй Абдул Карим гэгч ялалт байгуулж, 24 тэрбум төгрөгөөр хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдан авсан юм.
Гэвч дуудлага худалдааны дараагаас Абдул Каримыг ямар учиртай хүн болох, хэзээ Монгол Улсын иргэншил авсан, хэвлэх үйлдвэрийг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр юу болох гээд олон асуудлууд ундарч эхэлсэн.
Хамгийн сүүлд л гэхэд Абдул Каримыг Монгол Улсад хууль бусаар шонхор худалдаалдаг байсан байж болзошгүй, энэ хэргээр шалгагдаж байсан байх магадлалтай гэх мэдээлэл идэвхтэй цацагдах болсон юм. Энэ мэдээллээс шалтгаалж Абдулын хэвлэх үйлдвэрийг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр буруу гарынх байж болзошгүй хэмээн сэрэмжилж, шалгуулах хүсэлтийг олон хүн тавих болсон билээ. Тэдгээрийн нэг нь Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг юм.
Тэгвэл Абдул Карим өчигдөр мэдэгдэл хийн, газрыг худалдан авах гэрээгээ цуцлах болсноо зарлажээ. Тэрээр уг барилгыг гаднын хөрөнгө оруулалттай худалдан авах байсан ч тодорхой шалтгаан, түүний дотор Монголын ард түмний санал хүсэлтийг хүндэтгэн ийнхүү татгалзлаа хэмээн мэдэгдсэн байна. Абдул Каримын хөрөнгийн эх үүсвэрийг шалгах тухай мэдээлэл гарсны дараа тэрээр ийнхүү хөрөнгө өмчлөлөөсөө татгалзлаа хэмээн үзэх хүн цөөнгүй байгаа.
Харин зарим хэсэг нь хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбумаас ч бага үнээр худалдаж авахын тулд зохион байгуулалттайгаар Абдул Каримыг шахаанд оруулж, газраа буцаахад хүргэлээ гэж үзэж байна. Ингэж үзэх үндэслэл ч бий. Ер нь газрыг үнэгүйдүүлж авах сонирхол манай хөрөнгөтнүүдэд байдаг. Тиймээс Абдул Каримыг шахаанд оруулсан байж болох л юм.
Абдул Карим газраа буцаан өгснөөр дахин дуудлага худалдаа зохион байгуулагдана. Эндээс дахин дуудлага худалдаанд гадны хөрөнгөтэй иргэд оролцох боломжгүй боллоо гэж харагдаж байна. Учир нь дотоодын хөрөнгөтнүүдийг үнэ цохьсон гадны хөрөнгөтнүүдийг шахаанд оруулах үйл явц дахин явагдахаас сэргийлэх болов уу гэж хардаж байгаа аж.
Тус барилга нь 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5244 м2 талбай бүхий хоёр давхар барилга юм. Гэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар тухайн барилгыг дахин ашиглах боломжгүй гэсэн акт гарсан. Тэгэхээр худалдаж авсан хүн хуучин барилгыг нурааж шинээр барилга барих нь ойлгомжтой болоод байгаа юм.
Барилгын дуудлага худалдааны доод үнэ 7 тэрбум 155 сая төгрөг байсан. Эхний дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөг хүрсэн. Тэгвэл хоёр дахь дуудлага худалдаагаар хэдэн төгрөг хүрэх бол. Дуудлага худалдаанд Капитрон банк, Таван богд трейд, Bluemon ХХК гэх мэт есөн санал ирсэн билээ. Дараагийн дуудлага худалдаанд дээрх байгууллага хувь хүмүүс оролцох болов уу. Мөн залуусаас мөнгө цуглуулж буй Ч.Ганхуяг оролцох болов уу яах бол гэх мэт маш олон асуултууд хариултгүй үлдэж байна.
А.Аюуш