Өчигдөр үдээс өмнө УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийж, хариуцсан байнгын хороо нь энэ хаврын чуулганаар хэрхэн ажилласныг тайлагнан тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Өнгөрсөн хаврын чуулганы үед Төсвийн байнгын хороо 16 удаа хуралдаж, 44 асуудал хэлэлцжээ. Түүний мэдэгдэл, асуултад хариулсан байдлаас үзвэл Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал тун базаахгүй байдалтай байгаа нь андашгүй болжээ.
Сүүлийн зургаан сарын турш дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан экспортын орлого буурч, эдийн засгийн өсөлт ч хурдтай доошилж байгаа ажээ. 2011, 2012 онд дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө гайхуулж явсан үе түүх болжээ.
Хятадын эдийн засгийн өсөлт саарч, хэрэглээ буурснаас манай улсын нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспорт буурч, төсвийн орлого тасалдан хүнд аж үйлдвэрийн салбарын өсөлт дөнгөж 1.9 хувьтай байгаа гэсэн хэдхэн тоо л 2013 оны эхний хагасыг тодорхойлж байгаа юм.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн мэдээллийг Үндэсний статискийн хорооноос гаргасан 2013 оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн ерөнхий төлөвтэй харьцуулан тоймлоход дараах байдал ажиглагдаж байна.
Инфляци бага зэрэг буурчээ
Инфляци багахан буурсан нь оны эхний хагас жилийн ганц ололт. Бидний голлон хэрэглэдэг хүнс, бараа нийлсэн өргөн хэрэглээний үнэ ямар байгаагаас шалтгаалж инфляци өсч урууддаг.
Бидний голчлон хэрэглэдэг 370 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглээний сагс хэмээн нэрлэж, үүнд багтах бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр хэрэглээний үнийн индекс буюу инфляцийг тодорхойлон гаргадаг.
Тэгвэл өнгөрсөн сарын байдлаар инфляци улсын хэмжээнд 9.7 нийслэлд 8.4 хувьтай болж, өмнөх оны мөн үеэс улсынх тав, нийслэлийнх нь дөрөв орчим хувиар буурчээ. Үүнд, хүнсний бараа, цахилгаан, түлш, тээврийн зардал голлон буурсан нь нөлөөлсөн байна.
Ямартай ч улсын орлого саарч, албан байгууллага, аж ахуйн нэгжээс эхлээд захын иргэн зарлагаа хумьж, худалдан авалтаа хазаарлаж буй энэ үед инфляци буурч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ олон жил өндөр инфляцитай явсан манай улсад хуримтлагдсан хур их өр, зээл бий.
Инфляци өндөр байхын хэрээр дундаж, дунджаас доогуур орлоготой иргэд олж буй хэдэн төгрөгөөсөө бараа, бүтээгдэхүүн худалдан авах бүртээ одоогоор найман төгрөгийг нь үргүй зарцуулж, инфляцийн “татварт” өгч байна гэсэн үг.
Монголбанкнаас оны эхэнд инфляцийг найман хувьд хүргэнэ гэсэн амлалтыг өгч, олон хүний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж байсан ч эхний хагас жилд зорилтдоо тун ойртсон нь инфляцитай зөв аргаар“дайтаж” эхэлсний илрэл юм.
Алдагдалтай гадаад худалдаа
Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт буюу дотооддоо үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өсөлт 2011 онд 17.5, өнгөрсөн онд 12.3 хувиар өссөн бол энэ оны эхний улирлын байдлаар 7.2 хувь болж буурчээ. Үүнд манай эдийн засаг царцанги байгаагийн дээр гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар татарсан нь дамаараа нөлөөлж, үйлдвэрлэлийн өсөлт саарсан нь шалтгаалжээ. Манай улсын үл хөдлөх хөрөнгө, банк санхүүгийн салбарынхан гаднаас хөрөнгө мөнгө босгохдоо ДНБ-ий өсөлт болон эдийн засгийн өсөлт зэрэг суурь нөхцөлүүдээр нүүр тахалж, зээл авдаг.
Гэтэл энэ байдал үгүй болсон гэсэн үг. Өөр нэг асуудал нь гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний хагас жилд нэг тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 472.0 ам.доллар буюу 8.5 хувиар буурснаас үүдсэн байна.
Тухайлбал, импортын хэмжээ 7.3 хувиар, экспорт 10.2 хувиар буурсан байгаа юм. Мөн импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсч, экспортынх нь өсөхгүй байгаа одоогийн нөхцөлд валютын зөрүүнээс алдагдал үүсэх эрсдэл дагуулсаар байх нь тодорхой.
Хэрээс хэтэрсэн төсвийн алдагдал
Монгол Улс гэдэг айлын төсвийн орлого бүрдүүлэлт нь удаашралтай, алдагдал ихэсч байгааг дараагийн айдас төрүүлэм тоонууд бэлээхэн харуулж байна.
Тухайлбал, эхний таван сарын байдлаар төсвийн орлого бүрдүүлэлт хангалтгүй буюу 85.1 хувьтай байгаа аж. Энэ нь төлөвлөснөөсөө 350 орчим тэрбум төгрөгийн дутагдалтай байгааг Ц.Даваасүрэн дарга дуулгасан. Төсвийн орлогын 90 гаруй хувийг дангаараа “үүрдэг” татварын орлого нь манай улсын макро эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүд болох ДНБ, экспорт, импорт, валютын ханшид шууд нөлөөлдгийг мартаж болохгүй.
Түүнчлэн төсвийн нэгдсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний хагас жилд 2504.9 тэрбум төгрөг, зарлага, эргэн төлөгдөх цэвэр өр, зээлийн хэмжээ нь 2637.9 тэрбум төгрөг болж орлогоосоо давжээ.
Ингэхээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 133.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. 2013 оны аж үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлт өмнөх оны мөн үеэсээ дөнгөж 1.9 орчим хувиар өссөн бол уул уурхайн олборлох салбарын өсөлт 1.6 хувиар буурсан байх жишээтэй. Энэ нь эдийн засгийн идэвхжил тун муу байгааг харуулж байгаа юм.
Монгол Улсын нийт өр 9.8 их наяд төгрөг
Монгол Улс 1990 оноос одоог хүртэлх хугацаанд дотоод, гадаадын олон улсын санхүүгийн байгууллагууд болон дэлхийн улсуудаас нийтдээ 9.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл авсан. Үүний 55 хувийг олон улсын санхүүгийн байгууллагаас зээлсэн, 45 хувийг гадаад улс орнуудаас авсан зээлийн өрийн үлдэгдэл эзэлж байгаа. Түүнчлэн хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар 1990-2012 оны хооронд 2.7 тэрбум ам.долларын гадаадын зээл авч ашигласнаас 0.9 тэрбум ам.долларын үндсэн төлбөр, 0.2 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрийг төлж барагдуулжээ. Ингэснээр 2012 оны байдлаар манай улс 2.0 тэрбум ам.долларын гадаад өрийн үлдэгдэлтэй байгаа ажээ.
Дээр нь “Чингис” бондын хүү хоног хоногоор өсч буй. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын эхний зургаан сарын хүүнд Сангийн яам төсвөөс 35 сая ам.доллар төлсөн байна. Зургаан сар тутам энэ хэмжээний мөнгө төлж явсаар 2017 онд 500 сая ам.долларын үндсэн өрөө барагдуулна гэсэн тооцоо бий. Ингэхээр энэ их өр татвар төлөгч бидний нуруун дээр буух нь гарцаагүй. Цаашлаад бид үр хүүхэд, ирээдүй хойч үедээ ихээхэн өр үлдээж л таарах нь. Ерөнхийдөө Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал баярлаад байх зүйлгүй, харин ч тун удахгүй сэтгэл зовоох хэмжээнд хүрээд байгаа ажээ. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн мэдэгдэж байгаагаар Монгол Улсын Засгийн газар, ялангуяа Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамныханд энэ зун амарч зугаалах эрх байхгүй, тун шаргуу, өдөр хоногтой уралдан ажиллах зайлшгүй шаардлага тулгараад байна. Товчхондоо үнийн хөөрөгдөл, хөөсөрсөн өсөлтийн дор нуугдсан эдийн засаг, санхүүгийн ноцтой хямрал Монгол Улсыг нөмрөн авахад тун ойрхон байгаа ажээ.