Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар өчигдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн асуудлыг хэлэлцлээ. Ингээд Цэц тус хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзэж, дахин баталгаажууллаа. Үндсэн хуулийн Цэц өмнө нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт иргэний өмчлөх эрхтэй байх Үндсэн хуулийн зүйл заалттай зөрчилдөж байна гэж үзээд байсан. Уг шийдвэрийг УИХ хүлээж авахгүй гэж үзээд байсан юм. Харин Их суудлын хуралдаанаар эл асуудлыг дахин хэлэлцэж, өмнөх шийдвэрээ дахин баталгаажуулаад байна. Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн тодорхой зүйл заалтууд өчигдөр оройноос эхлэн хүчингүй боллоо. Үндсэн хуулийн цэц “Ипотекийн зүйлийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалсан газар дээр барилга, байгууламж барих нь тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөхгүй бөгөөд барьцааны зүйлийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, эрсдэлээс хамгаалах боломжийг Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулиар тогтоосон гэж Үндсэн хуулийн цэц үзлээ. Мөн Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтаар барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэж Үндсэн хуулийн цэц холбогдогдох тогтоол гаргалаа” хэмээжээ. Иргэн, аж ахуйн нэгж үл хөдлөх хөрөнгө барьцаалж, банкнаас зээл авдаг. Ингээд тухайн барьцаанд тавьсан хөрөнгө банкны хяналтад ордог. Хэрвээ зээлээ төлж чадахгүйд хүрвэл банк барьцааны хөрөнгийг хураан авч, хохирлоо барагдуулдаг нь зах зээлийн нийгмийн энгийн зарчим. Нэгэнт зээл авсан бол зээлээ төлөх л ёстой. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр банк болон иргэн, аж ахуйн нэгжүүд үндсэндээ эрх тэгш байхаар болж байгаа юм. Зээл авагч барьцаанд тавьсан эд хөрөнгөө давхар барьцаалах, гуравдагч этгээдэд худалдан борлуулах зэрэг эрх нь үндсэндээ нээлттэй боллоо гэж ойлгож болно. Нэг ёсондоо банкууд үл хөдлөх хөрөнгө барьцаанд аваад ч эрсдэлээ бүрэн хааж чадахааргүй, хүндрэлтэй нөхцөл байдалд орж байна. Цэцийн Их суудлын хуралдаанд Банкны холбооны төлөөлөгчид оролцож, хуулийн нөхцөл байдлаа сайтар тайлбарлаж, ухуулсан ч шийдвэр гаргалтад нөлөөлж чадаагүй гэдгийг эх сурвалжууд дуулгалаа. Банкны холбоо цэцийн шийдвэрт эмзэглэх нь аргагүй. Учир нь өнөөг хүртэл банкуудын зээл олгохдоо баримталж ирсэн хуулийн амин сүнс болсон зүйл заалтыг хүчингүй болгож байна. Нэгэнт банкууд одоо эрсдэлд орсон учраас зээлийн хүүг нэмэгдүүлж, эрсдэлээ хаахаас өөр аргагүй. Арилжааны зээлүүд ч яахав, угаасаа өндөр хүүтэй. Харин 2013 оноос хойш хэрэгжиж, залуусын орон сууцанд амьдрах мөрөөдлийг биелүүлэх эхлэл болсон ипотекийн 8 хувийн зээл үндсэндээ зогсохоор болчихлоо. Ипотекийн 8 хувийн зээлд хамрагдагсад худалдан авч буй орон сууцаа барьцаалдаг. Эсвэл өөрийн нэр дээр буй өөр орон сууц, үл хөдлөх хөрөнгөө барьцаалж, зээлд хамрагдаж буй. Барьцааны хөрөнгө тус зээл найдвартай эргэн төлөгдөх баталгаа болдог. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дараа барьцааны хөрөнгөө өөрийн дураар захиран зарцуулах боломж нээлттэй болчихлоо. Цаашдаа ч зээл авахад үл хөдлөх хөрөнгө томоохон баталгаа болж чадахааргүй болж байна. Ийм нөхцөлд ипотекийн зээлийг олгохыг зогсоох, эсвэл хүүг эргүүлээд 20 хувь болгож нэмэгдүүлэхээс өөр яах билээ. Хамгийн харамсалтай нь энэ бүхэн ердөө 2016 оны сонгуулийг угтсан МАН-ын хар пиар болж байна. Тэдний хувьд сонгуулиас өмнө АН-ын хийсэн гол ажил болох ипотекийн орон сууцны зээлийн хөтөлбөрийг баллаж хаях нь маш том “амжилт” болно. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд МАН-ынхан Үндсэн хуулийн цэцийг шахсанаар ийм шийдвэр гаргууллаа гэдгийг учир мэдэх эх сурвалжууд дуулгаж байна. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд ч бас ихэнхдээ МАН-ын угшилтай гишүүд сууж буй. Залуусын орон сууцтай болох мөрөөдөл, цаашилбал Улаанбаатарыг утаанаас салгах гол “түлхүүр” нь зөвхөн орон сууцжуулах. Үүний тулд бага хүүтэй орон сууцны тасралтгүй явах механизмыг нэвтрүүлсэн. Гэвч энэ бүх сайхан мөрөөдөл, зорилго цэцийн дүгнэлүүдээс болж зогсох нь ээ.
эх сурвалж: Paparatsi.mn