Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дүгээр байр, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 5, 8, 9 дугаар байруудыг дахин төлөвлөж барилгажуулахаар болсон. Үүнээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, 6, 7, 8, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулах, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Металл энд вүүд”, “Өндөр баганат” ХХК-иудад нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат батламжийг нь гардууллаа.
Шалгарсан компаниуд сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах юм. Нийслэлийн Засаг даргын 5 удаагийн захирамжаар нийт 85 нийтийн зориулалттай орон сууцны барилгын 2224 сууц өмчлөгч дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.