Нэгэн үе Монголын кино урлагт мандаж, шинээр гарсан кино бүрт дүр бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан сэтгүүлч мэргэжилтэй, жүжигчин О.Цэнгэл урлагтаа эргэн ирсэн билээ. Оюутан байхдаа л “Сайн уу, амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” зэрэг нэлээд хэдэн кинонд өөр хоорондоо эрс ялгаатай дүрүүдийг чадварлаг бүтээж байсан тэрбээр сэтгүүлч Б.Тэнгистэй ханилснаар урлагаасаа хөндийрч нам гүм амьдрах болсон. Ийнхүү хэдэн жил “сураг алдарсан” түүнийг үзэгчид ихэд үгүйлж байсан нь мэдээж. Сэтгүүлч Б.Тэнгистэй хувь заяагаа холбохоор хамтран амьдарч байсан хэдий ч хосууд салж жүжигчин бүсгүй маань таван жил гадаадад амьдарч байгаад эх орондоо ирээд байгаа. Эх орондоо ирсэн даруйдаа “Хамтран амьдрагч” УСК-нд дүр бүтээгээд байсан. Тэгвэл урлагийн их ажлын хажуугаар жүжигчин О.Цэнгэл сайн үйлсийн аян өрнүүлж эхэлсэн гэнэ. Тэрээр сайхан сэтгэлтэй залуустай хамтран “Нэг итгэл-нэг сэтгэл” төрийн бус байгууллага байгуулсан гэнэ. Тэд “2016 бэлэг” аяныг өрнүүлж ажлаа эхлүүлэхээр болсон бөгөөд нийслэлийн есөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 2016 хүүхдэд бэлэг түгээх гэж байгаа ажээ. Энэ ажлын хүрээнд тус төрийн бус байгууллагынхан хандивын хайрцаг аялуулж байгаа бөгөөд өчигдрөөс нийслэлийн их, дээд сургуулиар явж эхэлсэн гэнэ шүү.
Эх сурвалж: Шуурхай.мн