Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлэхээр МАХН-аас өргөн бариад буй асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн байр суурийг илэрхийлсэн. МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж өнгөрсөн пүрэв гаригт хийсэн мэдээллийнхээ үеэр “Энэ саналыг Ерөнхий сайд анх тавьсан” гэж мэдэгдсэн билээ.
Тэгвэл Ерөнхий сайд Архангайд ажиллаж байх үедээ түүнийг нь үгүйсгэж хэвлэлээр өөрийнх нь нэрийг барьж элдэв мэдээлэл хийхгүй байхыг сануулсан.
Ч.Сайханбилэг “Ц.Шаравдорж гуай баахан хэвлэлийн бага хурал хийсэн байх шиг байна. Энэ бол хэвлэлийн хурал хийгээд байх зүйл биш. Монгол Улсын Ерөнхий сайдад олгосон бүрэн эрхийн асуудал. Би Ерөнхий сайд болсон цагаасаа Ц.Шаравдорж гуайтай уулзаж учрах нь байтугай утсаар ч ярьж үзээгүй. Тиймээс миний нэрийг барьж элдэв мэдэгдэл, хэвлэлийн бага хурал хийгээд байх шаардлагагүй. Ер нь Шадар сайдын асуудлаар одоо ажиллаж байгаа Ц.Оюунбаатар сайд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад их олон удаа ярьсан. Хамгийн сүүлд би Ерөнхий сайдын хувьд танд хоёр хувилбар санал болгосон. Эхнийх нь одоо энэ хэвлэлээр ярьж байгаа хувилбар буюу Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилох хувилбар юм.
Хоёр дахь хувилбар нь ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн гэдэг чадвартай, мэргэжилтэй хүнийг ЭМС-ын сайдаар тавих хувилбар байсан. Харин Н.Энхбаяр дарга та өөрөө Ерөнхий сайдынхаа хувьд аль нэг хувилбараа сонго. Тэгээд УИХ-даа танилцуулаад явах нь зүйтэй гэж хэлсэн.
Ц.Оюунбаатар Шадар сайд болон Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад би за Лхагвасүрэн гэдэг хүнийг дэмжих нь зүйтэй юм байна. Энэ саналыг Ерөнхийлөгчид оруулна” гэж хэлсэн.
Харин дараа нь МАХН-ын нарийн бичгийн дарга нар нь хуралдаад надад бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй бид эхний хувилбарыг нь явуулах нь зүйтэй гэж үзлээ гэсэн бичиг ирүүлсэн.
Би Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ дагуу хууль эрх зүйн ямар процедур байна, ямар үр дагавар байна вэ гэдгийг судална. Мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. АТГ-аас магадлал, мэдээлэл ч авдаг журам байдаг. Тиймээс ирэх долоо хоногт Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийн дагуу энэ асуудлыг судлаад Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эрхийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг сонгоод УИХ-д оруулна” гэж ярьсан.
Эндээс харвал АТГ-ын магадлал Н.Энхбаярыг Шадар сайд болгоход тээг тавих нь ойлгомжтой болж байна. Тус газар Н.Энхбаярыг анх гэмт хэрэгт шалгаж, шүүхээс ял оногдуулсан нь одоо ч хэвээр байгаа. Мөн түүнийг тус газраас дахин эрүүгийн хэрэгт шалгаж байгаа гэдэг. Тэгэхээр АТГ-аас Ерөнхий сайдад ирэх бичиг Н.Энхбаярт ашиггүйгээр ирэх нь ойлгомжтой байна.
Н.Энхбаярыг Ц.Элбэгдорж ч Шадар сайд болгохыг хүсэхгүй байгаа. Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй гэх мэдээллийг өгчээ.
Мөн өнөөдрийн сонинд Шадар сайд Ц.Оюунбаатар Н.Энхбаяр дарга Шадар сайд болох саналыг тавиагүй гэжээ. Тэгэхээр асуудлыг энэ хүртэл томруулж чадсан ч Н.Энхбаяр сайд болж барахгүй нь ойлгомжтой болж байна.
Г.Самбаа