Засгийн газрын хуралдаан боллоо

fd4aa98cb79d186cb25383bc4e5d5866Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 14-нд болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ.

      “Хүний хөгжил” сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн 2016 оны Төсвийн тухай хууль, УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газраас Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны 10 дугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн. 2015 оны 11 дүгээр сард 1 сая 27 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон бөгөөд Хүний хөгжил сангийн 2015 оны төсөвт уг арга хэмжээнд зориулан 240 тэрбум төгрөгийг тусгаад байна. Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144 тэрбум төгрөг баталсан нь 2015 оны төсвөөс 40 хувиар буурсан дүн юм. Хүүхдийн мөнгөнд зарцуулах төсвийг бууруулсантай холбоотойгоор УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, өрхийн амьжиргааны түвшний 20 бүлгийн 1-17 бүлгийн өрхийн 0-18 насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн.

Хүүхдийн мөнгө авахын тулд өрхийн амьжиргааны түвшин тогтоолгох шаардлагатай. Түвшин тогтоолгоогүй болон дахин тогтоолгох хүсэлтэй өрхүүд үлдсэн хугацаанд харъяа Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтэстээ хандан өргөдөл гарган өрхийн амьжиргааны түвшин тогтоолгож, хүүхдийн мөнгө авах эрхтэй болох юм.

Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна

Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

УИХ-аас 2006 онд батлан гаргасан Санхүүгийн түрээсийн тухай хууль нь Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын хамтаар Монгол Улсад санхүүгийн түрээсийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Уг хуулиар санхүүгийн түрээсийн тодорхойлолт, түрээсийн зүйл байж болох эд хөрөнгө, түрээслэгч, түрээслүүлэгч болон гуравдагч этгээдийн эрх, үүрэг зэрэг онцлог зохицуулалтыг нэвтрүүлсэн боловч санхүүгийн түрээсийн зах зээлийн өсөлт, хөгжилд төдийлөн нэмэр болж чадахгүй байна. Иймд  Санхүүгийн түрээс /Лизинг/-ийн тухай хуулийг зах зээлийн эрэлт хэрэгцээ, түрээсийн харилцаанд оролцогч талуудын ашиг сонирхолд нийцүүлэх, улмаар санхүүгийн түрээсийн харилцааг бүрэн гүйцэд, зүй зохистой зохицуулах шаардлагын үүднээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Нэмэлт, өөрчлөлтөөр санхүүгийн түрээсийн харилцаа болон санхүүгийн түрээсийн гэрээний тодорхойлолтыг салгаж, ойлгомжтойгоор тодорхойлох, хуульд байх шаардлагагүй, тусгайлан харилцаа зохицуулаагүй, салаа утгатай зүйл заалтыг хасах, санхүүгийн түрээсийн гэрээг барьцаалах болон талууд эрх, үүргээ бусдад шилжүүлэх харилцааг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтыг оруулах шаардлагатай гэж үзэж байна.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар санхүүгийн түрээсийн эрх зүйн зохицуулалт илүү уян хатан болж, үйлчилгээний хүрээ, хүртээмж, хэмжээ нэмэгдэхэд түлхэц болно. Хөдөө аж ахуйн болон улирлын шинж чанартай аж ахуйн бусад салбарын онцлогийг харгалзсан бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтрэх боломж нэмэгдэнэ. Санхүүгийн түрээсийн зах зээлийн хөгжил түргэссэнээр эдийн засаг дахь санхүүжилтийн хүртээмж нэмэгдэж, аж ахуйн нэгж, иргэдийн орлого, ажил эрхлэлтийн өсөлтөд дэмжлэг болно гэж үзэж байна.

Импортоор оруулах үрийн буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хураан аваад байна. Энэ жилийн хувьд тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, 6 дугаар сард хэт халсан нь гангийн нөхцөлийг үүсгэсэн юм. Ургац хураалтын ид үед  газар тариалангийн нийт бүс нутгаар их хэмжээний хур тунадас, нойтон цас орсон нь ургац хураалтын явцыг сааруулсны зэрэгцээ ургацын хаягдлыг нэмэгдүүлж, урьдчилан тогтоосон үр тарианы баланс ургац хураалтын эцсийн дүнгээр 20 орчим хувиар буурлаа. Улсын хэмжээнд ирэх хаврын тариалалтад зориулан 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд үүнд 48 мянган тонн үр тариа шаардлагатай байгаа юм. Дараа оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 20.8 мянган тонн, Улсын нөөцийн газар болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан 7.2 мянган тонн, нийт 28 мянган тонн үрийн нөөц бүрдүүлжээ. Хаврын тариалалтад дутагдаж байгаа 20 мянган тонн буудайг 2016 онд импортох зөвлөмжийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргаад байна. Импортоор оруулах үрийн улаан буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн тохиолдолд 2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулах нөхцөл бүрдэх юм.

ТОВЧ МЭДЭЭ:

– 2015 оны 11 дүгээр сарын 22-24-нд ОХУ-ын Чит хотод зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

– Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

– Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган, үзэл баримтлалыг зохих журмын дагуу баталж, хуулийн төслийг боловсруулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгав.

– “Дотоод аудитын дүрэм”-ийг баталлаа. Уг дүрмийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн мөрдөж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт тус тус үүрэг болголоо.

– Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Архангай аймагт ажиллах үеэр бизнес эрхлэгчдээс гарсан саналын дагуу Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-ын 3 дахь хэсэгт 0802.90.10 кодтой Хуш модны үр-самар, самрын идээ гэсэн заалт нэмэхээр тогтлоо.

– “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын 2015-2018 оны соёлын солилцооны хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хөтөлбөрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдад олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …