УИХ-д шаардлага хүргүүллээ

1422574866_content_10532876_908933859131058_55939755137366411_n

Улаанбаатар 2015 оны 12-р сарын 15

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд баяртай, Монгол Улсын хувьд гутамшигтай Оюутолгойн далд уурхайн санхүүжилтын гэрээнд гадаадын банк, санхүүгийн байгууллагууд болон шийдлийн гэх Засгийн газар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатарт гарын үсэг зурж эцэслэхээр завдаж байна. Тархи угаахаас дарамтлан шахах, айлган сүрдүүлэхээс урхидан авилгадах хүртэл бүхий л арга залийг хэрэглэн байгуулсан 2009 оны луйврын гэрээнийх нь хор уршиг үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд нөхөж баршгүй хохирол учруулсаар байхад засаж залруулахын оронд хоёр дахь ээлжийн гэрээг ийнхүү байгуулж буй нь эх орноосоо урвахтай агаар нэг үйлдэл болно. Монгол Улсын Сангийн яам, Үндэсний аудитын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан шалгалтаар тогтоогдсон 2 тэрбум ам. долларын санхүүгийн луйврыг үг дуугүй хүлээн зөвшөөрч, эх орон, ард түмэндээ үүрүүлэхээр гадныханд тал зассан Засгийн газартай улстөрийн хатуу хариуцлага тооцоогүйн улмаас баялгаа, газар нутгаа, эх орноо олон улсын банк, санхүүгийн барьцаанд алдах аюул учирлаа. Хөрөнгө оруулагчид энэхүү гэрээг 2016 оны эхээр байгуулах хүлээлттэй байсан боловч зул сарын өмнө байгуулах сонирхол орж ирсэнийг “Австралийн санхүүгийн тойм” сэтгүүл 2015 оны 12 дугаар сарын 14-нд мэдээлжээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газар хохиролтой гэрээг яаран сандран батлахаар улайрч байгаа нь үндэсний эрх ашиг гэхээсээ явцуу ашиг сонирхолд хөтлөгдсний нотолгоо мөн. Төслийн санхүүжилт гэх хэлбэрээр олж авах энэ зээлийн барьцаанд Оюутолгой төслөө Монголынхоо бүх эрх, авлагаатай нь хамт өгч байгаа юм. 2019-2039 онд Оюутолгойгоос орох орлого 88.4 тэрбум ам. доллар болох ба өнөөгийн буурсан үнээр 66.1 тэрбум ам. доллар байх тооцоог олон улсын шинжээчид гаргасан бөгөөд бид энэ орлогоос хяналтгүй өсөн нэмэгдэх өр зээл эргэн төлөгдтөл ямарч ашиг хүртэхгүй болж байна. Үндэсний эрх ашгаа хохироож, баялагаа үнэгүйдүүлж, улс орноо өрийн дарамтанд оруулж буй Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бодлого бүрэн эрхт тусгаар улсын хууль ёсыг өөрсдөдөө нийцүүлэн өөрчлүүлж, байгалийн баялаг, газар нутгийг маань банкны барьцаанд тавьж, эрх баригчдыг дөрлөн хөдөлгөж буй гадныхны ашиг сонирхолтой яв цав нийлж байгаа нь эмгэнэл юм. Үндэснийхээ эрх ашгийг хамгаалж, энэхүү гэрээг зогсоох, эсэргүүцэх нь монгол хүн, улстөрийн хүчин бүрийн үүрэг мөн бөгөөд түүнийг байгуулж буй Засгийн газартай хариуцлага тооцож, нэн даруй огцруулахыг Улсын Их Хурлаас бид шаардаж байна.

ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ НАМ

ХАМУГ МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН НАМ

ЭХ ОРОНЧДЫН НЭГДСЭН НАМ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …