Хятадын өмнөд хэсэгт орших Шенжен хотод хөрс нурсны улмаас 33 барилга, тэр дунд орон сууцны 20 гаруй барилга газар дор оржээ. Өчигдөр өглөө болсон энэ явдлын улмаас 59 хүн сураггүй болсонд тооцогдож байна.
Шенженд ямар нэг байгалийн гамшиг тохиолдоогүй бөгөөд хотын захад орших хогийн цэгийн хөрсийг эргүүлэн, барилгын хаягдал булах үед ийм явдал болжээ. Газрын хөрсийг эргүүлж байх үед далайн давалгаа мэт асар том улаан шавар хажуугийн орон сууцны барилгууд руу түрж орж ирээд барилгуудыг нүд ирмэхийн зуур газар дор оруулсныг гэрчүүд ярьж байна.
Өчигдөр оройн 11 цагийн мэдээгээр 59 хүн, тэр дундаа 36 эрэгтэй, 23 эмэгтэй сураггүй алга болж, гурван хүн бэртэж гэмтээд байгаа юм. Ослын цэг болох 10 га газарт 1500 гаруй аврагч ажиллаж, сураггүй болсон хүмүүсийг эрэн хайж байгаа ч тэр их шавар дунд эрэл хайгуул хийхэд амаргүй байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: Chinadaily