Өчгдөрхөн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаар телевизүүдээр цацагдсан билээ. Шинэ дугаарт МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож,өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар хоёр хөтлөгчтэй илэн далангуй ярьж харагдсан. Тэгвэл эл нэвтрүүлэг цацагдсанд МАН-ын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн үзэж, өчигдөр ШӨХТГ-т гомдол санал хүргүүлжээ.
Уг гомдолд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар нэр дэвшигч нь нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс буюу сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс сурталчилгаагаа эхлүүлэх эрх зүйн үндэстэй. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшиж буй Ц.Элбэгдорж сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс зургаан хоногийн өмнө NTV телевизээр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцож, энэхүү нэвтрүүлэг нь илтэд сонгуулийн сурталчилгааны агуулгатай болсон байна. Уг нэвтрүүлгийг хэд хэдэн телевизээр орон даяар давталттайгаар нэвтрүүлж байгаа нь сонгуулийн сурталчилгааг хуульд заасан хугацаанаа өмнө эхлүүлэхийг хориглохоор заасныг зөрчиж байна. Тиймээс МАН-ын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.20 дахь хэсэгт заасны дагуу шалган, холбогдох хариуцлага тооцохыг хүсч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандаж байна” хэмээн бичжээ.
Л.Бадрах.ugluu.mn