Сарын өмнө гаргасан гурав дахь цомог нь рекорд тогтоож, хэдэн сая хувиар зарагдсаар байгаа дуучин Адель сүүлийн үед олон муу зуршлаа гээж байгаа гэнэ. Тэрбээр тамхиа хаясан тухай хэвлэлд ярилцлага өгч байсан бол саяхан “Mirror” сонинд архи, согтууруулах ундаанаас ч татгалзах болсноо өгүүлжээ. Учир нь, хэрэв согтууруулах ундаа хэрэглээд байвал хоолой нь гэмтэж, дуулах аргагүй ч болж мэднэ хэмээн эмч нар түүнд сануулсан байна. 2011 онд хоолойндоо мэс засал хийлгэж, хоёр ч удаа тоглолтоо цуцалж байсан Адель хоолойгоо хамгаалахын тулд ийн дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй болжээ. Согтууруулах ундаа уусан үед хүний чих бөглөрч, сонсгол мууддаг учраас илүү чанга ярихад хүрдэг байна. Хоолойгоо өндөрсгөж ярих нь Адель шиг дуучдын хувьд муугаас гадна алкоголь нь хоолойн чийгшлийг үгүй хийдэг учраас дахин гэмтээхгүйн тулд согтууруулах ундаанаас татгалзах нь зөв гэж мэргэжилтнүүд зөвлөсөн байна.
Ялангуяа аялан тоглолтынхоо товыг зарлачихаад байгаа энэ үед хэдэн зуун сая доллараар үнэлэгдэх хоолойгоо хамгаалах нь Аделийн хувьд нэн чухал. Түүний “25” цомог худалдаанд гараад дөрөв дэх долоо хоногтоо 5,98 сая хувь борлогдоод байгаа нь сүүлийн үеийн хөгжмийн түүхэнд байгаагүй өндөр амжилт болоод байгаа. Түүний хоёр дахь цомог гэхэд 2011 оноос хойш нийтдээ 11,37 сая хувь худалдаалагдсантай байдаг. Тэгвэл түүний гурав дахь цомог бүр өндөр эрэлттэй байж түүний талтай тэнцэх хэмжээний цомгийг ганцхан сарын дотор борлуулж дуусаад байна. Аделийн Их Британи дахь аялан тоглолтын тасалбарууд ч худалдаанд гарсан эхний хэдхэн минутын дотор зарагдаад дууссан юм.
эх сурвалж: newscom.mn