Туркийн боловсролын салбарын нэгэн албан тушаалтан Сирийн 300 мянга орчим дүрвэгч хүүхэд тус улсад боловсрол эзэмшиж буй тухай мэдээлэв. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Юсуф Буюк Турк Улс 81 мужийнхаа сургуульд сиричүүдийг хамруулахын тулд их хүчин чармайлт гаргаж буй тухайгаа өгүүлэв. Тус улсад одоошор 2.5 сая орчим дүрвэгч буй бөгөөд 2011 оноос хойш дүрвэгчдийн хангамжид зориулж тус улс 8.73 тэрбум доллар зарцуулаад байна. Мөн хотуудын Боловсролын төв болон сургуулиудад Сирийн оюутнууд суралцаж буй аж. Юсуф Буюк “Тэд бол зочид. Туркийн болон олон улсын хуулийн дагуу боловсрол эзэмших эрхтэй” гэжээ. Тэрбээр бүх сири хүүхдийг сургуульд суралцуулахыг хүсэж буйгаа илэрхийлж, дахин 150 мянган дүрвэгч хүүхдэд боловсрол эзэмшүүлэхээр бэлдэж байгаа ажээ.
Олон улсын цагаачлал, шилжилт хөдөлгөөний байгууллага ирэх оны хоёрдугаар сараас өмнө Канад Улс 7000 дүрвэгч хүлээн авахааар болсон тухай мэдээллээ. Тус байгууллагын захирал Уильям Лейси Свингийн мэдээлж буйгаар Канад ирэх оны хоёрдугаар сараас өмнө Иордан, Ливан, Турк зэрэг улсаас нийт 25 мянган дүрвэгч хүлээн авахаар болсон байна. Газар дундын тэнгисийг гаталж чадалгүй 3700 орчим хүн живж амиа алдсан бөгөөд нэг сая гаруй дүрвэгч усан болон хуурай замыг туулж Европт иржээ. Газар дундын тэнгисийг гагалж 971289 хүн Европт ирсэн бол 34215 хүн Туркээр дамжин Болгар, Грек зэрэг Европын оронд цагаачилсан байна.
Ц.ДАВААСАМБУУ
эх сурвалж: bolod.mn