Хамгийн баян цэвэрлэгч

561290256820134ead4e01Рональд Рид АНУ-ын Вермонт муж улсын Братлборо хотод аж төрж, цэвэрлэгчээр ажиллаж байгаад, 2014 онд 92 настайдаа нас баржээ. Тэрээр ганц бие хүн байсан бөгөөд үргэлж даруухан аж төрж, насан туршдаа хөдөлмөрлөжээ.

Рид чухам юунд хөрөнгө оруулах нь ашигтай вэ гэдгийг мэддэг үнэхээр авъяастай нэгэн байсан нь түүнийг нас барсны дараа тодорхой болжээ. Даруухан энэ цэвэрлэгчийн дансанд зургаан сая гаруй доллар байсан бөгөөд үүнээс 4,8 саяыг нь хотынхоо эмнэлэгт, 1,2 саяыг нь эндхийн номын санд гэрээслэн үлдээжээ.

Рид дархны ажилд дуртай, хуучин “Toyota Yaris” машинаараа явдаг байж. Түүнийг саятан гэдгийг хэн ч мэдээгүй байна. Гэрээслэл бичүүлэхээр хөлслөсөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эмэгтэй ярихдаа, “надад мөнгө байна аа гэж түүнийг хэлэхэд би эргэлзсэн, яагаад гэвэл тэр үрчийсэн цув, үслэг тэрмэн цамц, хуучин дугуй малгай өмссөн байж билээ. Тэр цагаас хойш би хүнийг гадна төрхөөр нь хэзээ ч дүгнэх хэрэггүй юм байна гэдгийг сайтар ойлгож авсан юм” гэжээ.

Сүүлийн үед Ридийн ажиллаж байсан Братлборо хотын эмнэлгийн дэргэдэх кафены газрын ажилтан эмэгтэй өвгөнийг сайн мэдэх болжээ. Түүний хэлснээр, өвгөн өглөө бүр нэг аяга кофе, газрын самрын тостой кекс л захиалдаг байсан байна. Энэ эмэгтэй цэвэрлэгч өвгөнийг тийм баян гэж бас л огт таамаглаж байгаагүй аж.

1940 онд эндхийн сургууль төгссөнийхөө дараа Рид шатахуун түгээгүүрийн станцад ажиллаж, дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явжээ. 1945 онд Братлборо хотдоо эргэж ирээд, 1979 оныг хүртэл мөн дээрх шатахуун түгээгүүрийн станцад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Гэвч зүгээр суухыг хүсээгүй учир Рид “J.C. Penney” гэдэг гипермаркетад ажлын хагас өдрөөр цэвэрлэгч хийж, эндээ 17жил ажиллажээ.

Ридийг таньдаг бүх хүн түүнийг хошин шогийн маш сайн мэдрэмжтэй хээ баагүй, даруухан , ухаалаг хүн байсныг дурсдаг байна. “Тэр маш тайван хүн. Түүнтэй хамт ажиллахад маш сайхан. Гэхдээ тэр өөрийн гэсэн бодолтой, бас нэлээд битүүлэг хүн байсан байна”.

Тэр нэг удаа гэрлэжээ. Тэд арван жил хамт амьдарч, 1970 онд эхнэр нь хорт хавдраар нас барсан байна. Нэг дагавар хүүтэй, тэр нь хойд эцэгтэйгээ харилцаатай байсан ч,“түүнийг ийм баян гэж огтхон ч бодож байгаагүй” гэж ярьжээ.

Тэгээд Рид хэрхэн баяжсан хэрэг вэ?Тэр үнэт цаасыг маш ашигтай худалдаж авдаг байжээ.Ингэснээр түүнийг нас барах үед хадгаламжийн дэвтэр нь олон сая доллартай болсон байна.

С.Инда

эх сурвалж: bataar.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …