Анзаарвал дэлхий үнэхээр жижигхэн, цөөн хэдэн монголчууд маань алган дээрээ тавьсан мэт ертөнцийг эргүүлж буйг харж болно. Зөвхөн гадаадууд
манайд үйлчилгээ эрхэлж ашиг олох биш Монгол эздийн нээсэн дэлгүүр хилийн чанадад худалдан авагчдаар дүүрэх болов. Саранбилэг хэмээх энэ бүсгүй Америкт өөрийн дэлгүүрээ нээн чамгүй амжилттай яваа бизнесмэн хатагтай. Мэдээж анхан шатны суурь өгөгдөл, мэдрэмж чадвар байхгүй бол энэ төрлийн бизнест гар дүрэх амаргүй.
Саранбилэгийн хувьд харц дээгүүр бардам байхуйц баялгийг хэдийнэ өөртөө бий болгож хуримтлуулж чадсан ч олонд ил гардаггүй нууцлаг дүр. Монголд брэнд дэлгүүр одоогийнх шиг олноор нээгдэх бүү хэл энэ үгний утгыг ч бүрэн ойлгоогүй байх үед тэрээр “Номинфэшн”-ий захирлаар ажиллан брэнд нутагшуулах ажлыг гардан хийсэн намтартай. Түүний анхны гараа үсрэнгүй амжилттай болсон тул дараа нь “Максфэшн”-д урилгаар ажилласан гэдэг. Угаас тогтвортой карьер 5 жилийн мөчлөгтэй байдаг жишгийг бүсгүй дагасан бололтой. Богино хугацаанд ажлаа чамбай гүйцэтгэн хөлөө олсон тэрбээр энэ удаад хилийн чанадыг зорьжээ. Алс холын Америкт итали гутлын бутик нээж, орон зайгаа тодорхойлсон түүнийг ойр дотныхон нь америкчуудад фэшн заахаар явсан хэмээн өхөөрдөж, бахархахыг хослуулан сууна лээ.