Өмнөд Солонгос болон Япон улсын Засгийн газар 1939-1945 онуудад Япон цэргүүдэд олзлогдон секс боол болж байсан Солонгос бүсгүйчүүдийн талаар харилцан тохиролцоонд хүрчээ.
Энэ талаар өчигдөр Өмнөд Солонгосын Гадаад Харилцааны яамны сайд Юн Бёнг Се мэдээлэл хийлээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Хоёр орны хөршийн харилцааг хэвийн түвшинд аваачихын тулд Япон цэргүүдэд олзлогдон секс боол болж Солонгос бүсгүйчүүдийн асуудлыг шийдэх нь зайлшгүй юм. Япон улсын Засгийн газар тэдгээр бүсгүйчүүдэд зориулсан сан байгуулж, уг санд нэг тэрбум иень өгөх санал дэвшүүллээ. Бид уг саналыг хүлээн авсан ба ингэснээр Япон цэргүүдэд олзлогдон секс боол болж Солонгос бүсгүйчүүдийн талаар маргаантай байдаг асуудал нэг тийш шийдэгдлээ гэж үзэж байна” гэж хэлсэн байна.
Гэвч жинхэнэ хохирогчид болж байсан бүсгүйчүүд буюу эдүгээ өндөр настай болсон Солонгос эмээ нар дээрх саналыг хүлээж авахгүй гэж мэдэгдэн, сэтгэл санаа, бие махбодиор амссан хохирлыг мөнгөөр биш харин хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлжээ.
Япон улс 1995 онд дөрвөн тэрбум 800-н сая иень-ийг мөн өгч байсан боловч Солонгос улсын Засгийн газар “Энэ бол хариуцлагаас зайлсхийсэн арга” хэмээн мэдэгдэж, мөнгийг хүлээн аваагүй удаатай юм байна.
эх сурвалж: WWW.MGLRADIO.COM