(Зураг дээр Эгийн тэнгисийг гатлан Грекийн Кос аралд хүрсэн дүрвэгч хүүхдээс аврах хантаазыг тайлж байгаа нь)
Туркээс Грек хүрэхээр далайд гарсан хийлдэг завьтай дүрвэгсэд хад мөргөн живснээр нэгдүгээр сарын 1-нд хоёр настай хүү живж амиа алдсан нь 2016 оны анхны хохирогч болж байна.
Хийлдэг завинд явсан бусад 39 дүрвэгч аврагджээ. Аврагдсан хүмүүсээс 10 нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Хийлдэг завьтай дүрвэгчид нэгдүгээр сарын 1-ний өглөө эрт замд гарсан ба энэ үед цаг агаар муу, салхитай байжээ.
Хүүгийн цогцсыг орон нутгийн загасчид уснаас гаргасан бөгөөд ээж нь амьд гарч цааш дүрвэгсдийн хуаранд хүргэгдсэн гэнэ.
Сири голдуу дүрвэгчид Туркийн эргээс Эгийн тэнгисийг гатлан Европын Холбооны гишүүн Грекийн Лесбос аралд хүрэхийг зорьдог. Гэвч Эгийн тэнгисийн эрэг нь нэлээд хадархаг тул завь нь эвдэрч живэх тохиолдол их гардаг байна. Грек, Туркийн аль алины эрэг орчимд буяны байгууллагынхан ажиллаж живсэн дүрвэгчдийг аврах ажиллагаа явуулж байгаа юм.
Эх сурвалж: ikon.mn