Саяхан даа, “Би хүүгээ өөр шигээ улстөрч болгохыг хүсдэг. Миний хүү надаас илүү улстөрч болно” гэж ард түмнээсээ хангалтгүй дүн сонссон нэгэн улстөрч ярьж байсан. Хэдэн жилийн өмнөх энэ үгийг одоогийн зарим жишээтэй харьцуулаад нэг л зүйлийг ойлгосон, ажил хийж чадахгүй авлига авч амин хувийн ашиг хайгч энэ мэт улстөрчдийн “школь”-оор занималдсан хүү эцгээсээ бүр илүү аминч үзэлтэй, амбицтай нөхдүүд болон хүмүүжсэн байгааг. Угаасаа Монгол Улсад өнөөдөр улстөрийн албан тушаалыг эцэг нь хүүдээ, эх нь хүүхдүүддээ өвлүүлдэг, өмчлүүлдэг асуудал аль хэдийнэ байр сууриа олоод эхэлжээ. Төрсөн эцэг, эхийгээ төрөөс дахин төрж тэрбумтан болж буйг харж өссөн хүүхдүүд түүнээс илүүг хүсч, “Эцэг минь энэ дээр тэгчих байсан юм. Тэгсэн бол арай илүү хүртэх байсан юм” ухааны юм сэтгэж явдаг нь нууц биш болжээ.
Өдгөө улстөр, бизнесийн салбарын хаад ноёдын эрх бацаанууд төрд орохоор улайрч эхэллээ. Эцэг, эхдээ эрхэлж дуусаагүйг тэдний төрд эрхлэх гэсэн энэ улайралтаас харж болно. Хуруу нь цагаан эрх хүүхдүүд төрд ажиллаж чадах уу. Алба удирдаад улс хөгжүүлэх үү. Айлын эрх хүүхдүүд ажил хийнэ гэдэг нь юу л бол гэж хуучны хүмүүс ярьдагсан. Энэ жил сонгуульд О.Содбилэг, Н.Номтойбаяр нар дээр нэмэгдээд П.Хангал, Г.Тэмүүлэн, Н.Учрал нарын хундан цагаан “хунтайж” нар нэмэгдэж төрд орохоор бэлтгэл ажлаа базааж эхэлжээ. Эдгээр “хунтайж” нараас О.Содбилэг, Н.Номтойбаяр нарын хоёрыг нь төрд ажлуулж үзлээ, гавьсан юм алга. “Эрдэнэт” үйлдвэрээр овоглодог О.Содбилэг төрөлх Эрдэнэт хотдоо эмчилгээний аппарат бэлэглэж, хүүхдүүдийг харж үзсэнээс өөр дорвитой юм хийсэнгүй. Авгай хүүхэн хүчирхийлж, бусдыг бүлэглэж зоддог айлын эрх хүүхдүүдийн адил асуудалд орооцолдож явсан Н.Номтойбаяр өнгөрсөн үеийн хүнд гэмт хэргүүдээсээ төрд дөрвөн жил нуугдаж, УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийг эдлэв. Тусгаар тогтнолын ордныг барихад МАН-д 1 тэрбум төгрөг хандивлах нууцхан тохироогоор Нийгмийн хамгааллын дэд сайд болж, удалгүй УИХ-ын гишүүн болсон Н.Номтойбаярыг гүйлгээ ухаан сайтай гэж магтдаг нь гаргаснаасаа илүүг олсонд нь зориулсан биз. Тэгвэл энэ хоёрын араас зуузай холбохоор яваа “хунтайж” нарыг Монголбанкны ерөнхийлөгч, Төрийн өмчийн хорооны дарга асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал тэргүүлж явна.
Ховдод өсөөгүй, Ховдыг мэдэх ч үгүй энэ эрхэм аавынхаа нутагт нэр дэвшихээр тун чиг бэлтэй загнаж байна. Ямар сайндаа эрх хунтайж нараас хамгийн бэлтэй хөдлөж байгаа нь гэж учир мэдэх хүмүүс шивэр авир хийх болж. Ховд нутгийнханд зэс аяга, бугуйн цаг тэргүүтэн тарааж яваа мань хүн МАН-аас УИХ-ын гишүүн болж чадахгүйгээ ойлгосон уу МАХН-д элсч энэ сонгуулиар Ховдод нэр дэвшихээр болжээ. Тэгвэл О.Содбилэгийн адил “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асны хүү Г.Тэмүүлэнд “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал, “Оюу Толгой”-н ТУЗ-ийн гишүүн, НАМЗХ-ын ерөнхийлөгчийн албан тушаал дутуу санагдаж улстөр рүү улайран дайрч эхлэв. Бэлтэй хүний хүү юу хүссэнээ авч болдгийг Г.Тэмүүлэн ч бас үзүүлэхээр шийдэв бололтой.
Тэгвэл “Темон” нэрээр дуулж юу санасан есөн хүслээ гүйцээж яваа айлын эрх жаалуудын нэг Н.Учрал “Их Засаг”-ийн захирлын хүү гэхээсээ илүүтэйгээр МАН-ын хүү болон ажиллаж байгаа. “Ах нар ёс суртахуунтай байх ёстой” хэмээн ярьдаг тэрбээр энэ оны сонгуульд оролцож басхүү гуйж биш гуядаж ялалт байгуулахаар эртнээс төлөвлөжээ. Тиймдээ ч “Рояал” телевизээрээ өөрийгөө рекламдуулахаас гадна сонгууль угтсан ээлжит нэгэн судалгаа болох “Хэн нь хэн бэ?” нэвтрүүлэг цацаж эхэлсэн. Эдгээрийн араас экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү, Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Элбэгдорж Ерөнхийлөгчийн хүү Э.Оргил тэргүүтэй “хунтайж” нар угсаа залгамжилсан мэт улстөр рүү өнгийж, цагаа хүлээн “хэвтэнэ”.
Нинж
Эх сурвалж: Undesten.mn