Ноолууран эдлэл цэвэрлэх арга

Nooluur-archilgaa1

Ноолуур нь байгалийн гаралтай дэлхий дээрх хамгийн нарийн, тансаг ширхэгтүүдийн нэг билээ. Ноолуураар хийгдсэн хувцас нарийн арчилгаа шаарддаг хэдий ч урт удаан хугацаагаар элэгддэггүй. Сайн арчлагдсан ноолуур угаах бүрт улам зөөлхөн улам тансаг болдог.

Цэвэрлэх

Ноолууран бүтээгдэхүүнийг хэрхэн цэвэрлэх нь сүлжмэл болон нэхмэл материалаас хамааран бага зэрэг өөр байдаг.

Сүлжмэл ноолуур

  1. Арилахад хэцүү толбо үүсээгүй тохиолдолд сүлжмэл ноолууран бүтээгдэхүүнийг заавал хуурай хими цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй. Харин угаах үедээ хүнд химийн гаралтай угаалгын нунтаг ашиглалгүй ноос ноолуур угаах зориулалттай нунтаг ашиглах хэрэгтэй. Шинэхэн ноолууран хувцсаа угаасны дараа өмсөхийг танд зөвлөж байна. Ингэснээр гадарга дээрх богино ширхэгтүүдийг салгаж ноолуурыг бөөгнөрөхөөс урьдчилан сэргийлэх болно.
  2. Угаасны дараа нойтон ноолууран хувцсыг сунахаас сэргийлж бүхэлд нь бөөгнөрүүлж гараараа барих хэрэгтэй. Хэрхэвч аль нэг хэсгээс унжуулан барьж болохгүй.
  3. Угаахдаа үргэлж хүйтэн ус ашиглана уу. Халуун ус ноолуурыг агшаадаг.
  4. Ноолуурыг угаахдаа савтай усанд тэвтээж угаах бөгөөд үрж мушгиж болохгүй.
  5. Хэсэг хугацааны дараа усыг шавхаж мөн хүйтэн усаар зөөлөн зайлах хэрэгтэй.
  6. Усаар зайлсны дараа хувцсаа бөөгнөрүүлж базах хэлбэрээр уснаас гаргах бөгөөд сэгсэрч эсвэл мушгиж болохгүй.
  7. Мушгисан хувцсаа дэлгэж тавьсан алчуур дээр өнхрүүлж үлдэгдэл усыг шавхаж авахыг зөвлөж байна.
  8. Эцэст нь ноолууран хувцсаа хөндлөнгөөр нь дэлгэн тавьж хатаах хэрэгтэй.

Нэхмэл ноолуур

Нэхмэл ноолуурыг хими цэвэрлэгээнд өгөх нь хамгийн сайн арга юм. Учир нь нэхмэл ноолуур нь гэрийн нөхцөлд угаахад их хэцүү мөн гэмтэх аюултай байдаг.

Толбо арилгах

  1. Хэрэв та ноолууран бүтээгдэхүүнээ толбо болгосон бол даруйхан хүйтэн усаар зайлах хэрэгтэй.
  2. Толбо арилгагчаар цэвэрлэж болох ч мэргэжлийн хуурай хими цэвэрлэгээнд өгөхийг танд зөвлөж байна.

Хадгалах

  1. Та ноолууран хувцас хэрэглэлээ хадгалахаасаа өмнө үргэлж цэвэрлэж байх хэрэгтэй. Учир нь цагаан эрвээхэй гэх мэт шавьж бохир заваан байгалийн ширхэгт рүү татагддаг байна.
  2. Хадгалахдаа цаасаар ороож тавьбал бага үрчийх болно.
  3. Битүү гялгар уутанд хийх хэрэггүй. Харин агаар орж болох сав, уутанд хийж хадгалах нь зөв юм.
  4. Ноолууран хувцсаа өлгүүрт унжуулан өлгөж болохгүй.

Өмсөх

  1. Ноолууран хувцас руу сүрчиг цацахгүй байх хэрэгтэй. Сүрчиг нь хувцсыг толботуулж цагаан эрвээхэйг өөртөө татдаг.
  2. Ноолууран хувцсаа үнэт эдлэл,
  3. Биений үнэр дарагч хэрэглэснийхээ дараа хатаж дуустал нь түр хүлээгээрэй. Үнэр дарагч хатасны дараа ноолууран хувцсаа өмсвөл үнэр дарагч хувцсанд тогтохгүй байх болно.
  4. Гоёл чимэглэлийн зүйлс гэх мэт хурц үзүүртэй зүйлсээс хол байлгах хэрэгтэй. Эдгээр нь ноолуурыг бөөсрүүлдэг бөгөөд мөн гэмтээх аюултай.

Бусад

Ноолууран бүтээгдэхүүнийг индүүдэхдээ аль болох бага температураар, дотор талаас нь индүүдэх хэрэгтэй.

Ноолууран бүтээгдэхүүн арчилгааны тэмдэгтүүд

01 18-20° C бүлээн усанд гараар угаана
02 Чийгтэй даавуу ашиглан бүлээн индүүгээр 0,5-1 сантиметрийн зайтай индүүднэ
03 Гараар мушгиж болохгүй
04 Цайруулагч болон химийн бодис хэрэглэж болохгүй
05 Зөвхөн хуурай хими цэвэрлэгээгээр цэвэрлүүлнэ
06 Хатаагч машинаар хатааж болохгүй

Сайн чанарын нооруулан хувцас авахдаа доорхи зүйлсийг анхаараарай.

Яагаад хүмүүс ноолууран бүтээгдэхүүнд дуртай байдаг вэ?

Ноолууран бүтээгдэхүүний давуу тал.

Ноолуур нь дулаан хадгалах чанараараа дэлхий дээрх хамгийн сайн байгалийн ширхэгтүүдийн нэг юм. Үрчийдэггүй, бат бөх хэрнээ тансаг, зөөлөн ноолуур урт удаан хугацаагаар элэгддэггүй.

Ноолууран бүтээгдэхүүн авахдаа юуг анхаарах ёстой вэ?

Шалгарсан зөвөлгөөнүүдийн нэг бол та зах зээлд удаан оршин тогтносон баталгаат үйлдвэрлэгчээс ноолууран бүтээгдэхүүн худалдан авах явдал юм. Мөн дэлгүүрээр явж ноолуурыг ноостой харьцуулж үзэх хэрэгтэй, та сайн ноолуурын ялгааг шууд л мэдрэх болно. Ноолуурыг шалгаж үзэхдээ гарынхаа алгаар бүтээгдэхүүний гадаргыг үрэхэд жижиг ширхэгүүд бөөгнөрч байгаа эсэхийг харах хэрэгтэй. Хэрэв бөөгнөрөн, бөөсөрч байвал чанар муутай байна гэсэн үг. Өөр нэгэн ноолуурын чанарыг шалгах арга бол бүтээгдэхүүнийг сунгахад буцан анхны хэлбэртээ орж буй эсэхийг харах юм. Хэрэв буцан анхны хэлбэртээ эргэн орохгүй сунасан хэвээр байвал муу чанарын ноолуур байна гэсэн үг.

Цэвэр ноолуур, хөвөн даавууны холиотой ноолуур, торгоны холиотой ноолуурын ялгаа юу вэ?

Торго нь ноолууртай маш сайн холигддог бөгөөд ноолуурыг гялгар, илүү биетэй болгодог. Торго ноолууртай харьцуулахад илүү хатуу ширхэгтэй байдаг тул торгоны холиотой ноолуур 100% ноолуур шиг зөөлөн байдаггүй. Мөн торго ноолуураас хямд үнэтэй тул торгоны холиотой ноолуур 100% ноолуураас ихэвчлэн хямд өртөгтэй байдаг. Хөвөн даавууны холиотой ноолуур цэвэр ноолуураас харьцангуй хямд үнэтэй ч ноолуурын зөөлөн, тансаг гэх мэт зарим чанарыг агуулдаг бөгөөд хүйтнээс хамгаалах чадвар арай бага байдаг.

Сайн чанарын ноолуур ба муу чанарын ноолуурын зарим ялгаа юу вэ?

Ноолуурын чанарт хамгийн чухлаар нөлөөлдөг зүйл бол ширхэгийн урт болон нарийн юм. Урт нарийн ноолуурын ширхэгээр хийгдсэн материал бага бөөсөрдөг, хэлбэрээ сайн хадгалдаг бөгөөд угаалт бүрээр энэ чанар нь сайжрдаг.

Ноолуур хэрхэн үнэлэгддэг вэ?

Ноолуурын нарийн чанарыг микроноор хэмждэг. Ихэвчлэн 14-19 микрон байдаг бөгөөд энэ тоо бага байх тусам ноолуур нарийн ширхэгтэй байдаг.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …