Энэ жил манай улс 30 сая тонн нүүрс олборлож, 25 сая тонныг нь экспортлохоор төлөвлөж байсан ч одоогоор дөнгөж 7.4 сая тонныг л Хятад улс руу гаргаад байна.
Иймээс манай улс 34.8 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйд хүрээд байна. Энэ нь Европын хямралаас үүдэн дэлхийн нүүрсний томоохон худалдан авагч болох Хятадыг нүүрсний экспортлогч улсууд ихээр сонирхож байгаатай холбоотой аж. Хятад улс жилдээ 3.6 тэрбумын нүүрсний хэрэглээтэй бөгөөд үүнийхээ 10 орчим хувийг гаднаас авдаг байна.
Одоогоор тус улс руу Австрали, Индонези, ОХУ, Колумб, Мозанбек зэрэг улс нүүрсээ экспортлож байгаа юм. Иймээс манай улс урд хөрш рүү гаргах нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд нүүрснийхээ өрсөлдөх чадварыг сайжруулах хэрэгтэйг Уул уурхайн яамны дэд сайд О.Эрдэнэбулган мэдээлэл хийхдээ онцолж байсан.
Энэ жилийн тухайд нүүрсний экспортоос орж ирэх мөнгөний тоо, хэмжээ ихээхэн хорогдох нь гарцаагүй болжээ.
Экспортыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь дэд бүтэц
Нүүрс овор ихтэй, хямд үнэтэй бүтээгдэхүүн учир өнөөдрийнх шиг дан ганц машинаар зөөгөөд байвал зардал ихтэй. Тэр хэрээр ашиг орлого буурах нь тодорхой. Австрали улс л гэхэд усан боомтоор нэг удаад 100 мянган тонн нүүрс тээвэрлэж экспортод гаргадаг байна. Иймээс цаашид төмөр зам барих зайлшгүй шаардлагатай байгаа юм. Саяхан манай улс нүүрсний экспортын томоохон худалдан авагч урд хөрш рүүгээ гаргах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх үүднээс “Монгол-Хятадын нүүрсний худалдаа, хамтын ажиллагаа-2013” хурлыг зохион байгуулсан. Хурлаар манай улс Хятадтай нүүрсний худалдаа хамтын ажиллагааны урт хугацааны тогтвортой гэрээ байгуулж, эрх зүйн орчныг нь бий болгохоор эхний тохиролцоонд хүрсэн нь сайшаалтай.
Мөн БНХАУ-аас Монгол Улсын Засгийн газарт үзүүлж буй буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг нүүрсний худалдааны гол боомтууддаа орчин үеийн гаалийн рентген тоног төхөөрөмжийг суурилуулахад зарцуулахаар дээрх хурлын уриалгад тусгажээ.
Үүний зэрэгцээ нүүрсний экспорттой холбоотой гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг шуурхай хийх, гаалийн байгууллагыг 24 цагийн үйл ажиллагаатай болгохоор ажиллаж байгаа гэнэ.
Нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлэх байр эзэлжээ
Хэдийгээр манай улсын нүүрсний экспорт буурч байгаа ч өмнө нь тогтоогдсон нүүрсний нөөц 21 тэрбумаас 10 хувиар нэмэгджээ. Энэ нь зөвхөн 2013 оны эхний хагас жилийн мэдээ ажээ. Иймээс манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний арвын дотор багтаж байгааг уул уурхайн яамныхан мэдэгдсэн.
Одоогоор Монгол Улс 173.3 тэрбум тонн нүүрсний геологийн нөөцтэй нь тогтоогдсон тул энэ тоо цаашид нэмэгдэх магадлал өндөр юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд гэхэд энэ оны хоёрдугаар сараас Тавантолгойн Цанхын баруун хэсгийг нээж, хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн.
Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” ХК 2.5 сая тонн нүүрс экспортлож байсан бол өдгөө зүүн, баруун хоёр Цанх зэрэг ажилласнаар 2016 он гэхэд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай болох юм байна. Хятадын “Чалко” компанийн тухайд 350 сая ам.долларын зээлийн өрөндөө суутгаж, 3.6 сая тонн нүүрс олборлохоор Цанхын зүүн хэсэгт ажиллаж байна.
Уул уурхайн яамныхан Чалкогийн өрийг энэ онд барагдуулах боломжтой гэж байлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас бусад нүүрсний зарим компанийн үйл ажиллагаа нүүрсний экспорттой холбоотойгоор түр зогсчээ. Харин “Энержи ресурс”-ийн тухайд 20 мянган тонн түүхий нүүрс экспортолж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа бол эрчим хүчний баяжуулсан нүүрс нийлүүлэх ажил нь эрчимтэй урагшилж байгаа ажээ.
Харин “Саус гоби сэндс” компани сайн болон дунд зэргийн нүүрсийг БНХАУ-д нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна.