“Херо энтертайнмент” студийн захирал, найруулагч Б.Баатар экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хасагдсан нууц бичлэг хулгайд алдагдаж, улмаар цахим ертөнцөөр тархсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Хэдийгээр тэрбээр энэ асуудлаар цагдаад хандсан, хэргийн талаар одоохондоо хамаагүй ярьж болохгүй байна гэж хэлсэн ч дээрх бичлэгүүд улстөрийн зорилгоор хулгайд алдагдсан гэх мессежийг олон нийтэд өглөө. Үнэхээр түүний хэлснээр өндөр хамгаалалттай серверт нь хадгалагдаж байсан материалуудаас Н.Энхбаярын дүрс бичлэгүүд улстөрийн зорилгоор хулгайлагдав уу. Яагаад заавал ганцхан Н.Энхбаярын “хар” бичлэгүүд хулгайлагдаж, цацагдав.
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хасагдсан энэхүү “хар” бичлэгүүд яагаад өдийг хүртэл хадгалагдаж байв. Хэн нэгний сонгуулийн өмнөх шоу, улстөрийн зорилготой үйлдэл, мөнгө олох арга байв уу. Ямартай ч, хэргийг учиг удахгүй тайлагдана. Харин “Херо энтертайнмент”-ийн Б.Баатарын яриад байгаа шиг түүний хамар доороос нь мэргэжлийн хүмүүс урьдаас төлөвлөн хулгайлсан хэрэг бол энэ явдал үнэхээр түүний хэлснээр Монголын улстөрийн ертөнц доройтолд орж, болохоо байсны илрэл. Нөгөө талаас үнэхээр ийм үйлдэл болсон бол ийм ажлыг нэлээд чадварлаг баг том албан тушаал хашдаг хүний томоохон дэмжлэг, туслалцаатайгаар л гүйцэтгэх боломжтой бөгөөд маш ноцтой бичлэгүүдийг маш ноцтой аргаар хулгайлсан бололтой.