Энэ явдал одоогоос яг нэг жилийн өмнө эхэлсэн юм. Болдогсон бол нэг жилийн өмнөх өөр дээрээ очоод битгий тэнэг алхам хийгээрэй гэж хэлэх юм сан. Даанч энэ бол бүтэшгүй зүйл…
Би гадаадад сурдаг өөрийн гэсэн зорилготой хүсэл мөрөөдөлтэй эмэгтэй байлаа. Амралтаараа Монголд ирээд явахаасаа өмнө найзалдаг байсан залуу руугаа яриад уулзлаа. Мэдээж их сайн байсан болохоор эргээд их татагдлаа. Тэр залуу цагдаа залуу л даа. Тэгээд их архи уудаг, надаас өмнө нэг хүүхэнтэй найзладаг байж байгаад намайг хараад тэрийгээ хаячихсан байсан. Эхэндээ бүх юм сайхан л байлаа. Би хэдэн сарын хугацаатай ирсэн байсан юм. Тэр ч надад их хайртай, би ч их хайртай байсан. Нээрээ дандаа л тийм байх юм шиг бодож байж дээ. Гэтэл сарын дараа өөрийгөө жирэмсэн болсныг мэдсэн. Би бол шууд л гаргана гэж хатуу шийдсэн. “Миний дотор үр минь бүрэлдэж байгаа шүү дээ” гэж бодохоор “би ямар их азтай хүн бэ” гэж боддог байлаа. Тэр үед ээж маань мэдээж миний эсрэг байсан. “Хэрэггүй ээ, наад хүн чинь дэмий. Архи уудаг, цагдаа. Амьдралаа бод, эргээд яв” гэхэд нь би ээжтэйгээ хэрэлдээд хаалгаа саваад гараад явж байсан юм даа.
Тэр залуугийн ээж аав нь “ачтай болох нь” гэж баярлаад удахгүй бэр гуйсан. Хэдэн жилийн өмнө ээж аавтай нь танилцсан байсан юм аа. Хадам “авгай” эхэндээ долоочих гээд мэдээж сайхан л байдаг байсан.
Гэдсэн дэхь охин минь 4 сартайгаас эхлээд ер нь хүмүүсийн чанар нь танигдаж эхэлсэн. Би уг нь айлын том охин болохоор гэрийн ажилд сайн. Хоол унд сайн хийдэг л дээ. Хадмыг ирэхэд гэр орон цэвэрхэн халуун хоол ундтай, уг нь өөрийгөө их боломжийн байна гэж бодож байсан юм. Гэтэл тэр хүн орж ирэх болгондоо ямар нэг өө хайгаал байдаг боллоо. Би нэг их тоохгүй нөхрөө ээлжтэй үед нь байнга л халуун хоол хийж, аваачиж өгч тэр хүний ажлынхан ч намайг ямар их халамжилдаг байсныг мэддэг байлаа.
Харин тэр хүний утсанд согтуу ирээд тасарсан унтаж байх хойгуур нь хүүхнүүдээс “яасан зүгээр харьсан уу, хайр аа?” гэх мэтээр мессэж ирдэг боллоо. Түүгээр ч үл барам өнжөөд нэг архи ууж агсан тавьж, орилж, хашгирдаг боллоо. Тэр болгоныг гэдсэнд байгаа үр минь мэдэрч, унтаж байгаад гэнэт цочдог, их хөдөлдөг байлаа. Тасартлаа уусан эр хүний хажууд эхүүн архины үнэр үнэртэж би олон ч шөнө уйлсан даа. Гэхдээ би ч тийм сайхан ааштай хүн биш болж бүтэхгүй юм байвал шууд л хэлчихдэг байсан. Тэр үед би үрээ ямар их өрөвддөг байсан гээч дандаа зулбах гээд цус алддаг байсан. Миний охин уг нь ээждээ үнэхээр ирье гэж хүссэн болохоор зулбалгүй ээждээ ирсэн дээ. Зун нь нэг өдөр ажлын газрынхантай нь голын эрэг рүү явсан юм. Тэнд байсан хүмүүс мэдээж согтуу байсан. Тэр үед тэнд байсан нэг залуу нь манайг гол руу шиднэ гээд би бүр уйлаад “битгий л дээ, хүүхэд айчихна шдээ” гээд байхад “тэр хүн” ерөөсөө тэр залууг болиулаагүй. Машин дотор гэр лүүгээ явж байхдаа би жоохон тунирхаад “жирэмсэн эхнэрийг чинь хүн гол руу шидэх гэж байхад чи тоосонгүй” гэхэд “муу гичий минь наадах хаалгаа онгойлгоод цаашаагаа үсэр” гэсэн. Тэгээд би “юу гэнээ, чи” гэсэн “дуугай бай гичий минь” гээд гараа зангидаад нүүр луу цохисон. Үнэхээр аймаар. Тэгснээ “чи өөрөө үсрэхгүй бол би чамайг түлхчихье” гээд хурдтай явж байгаа машины хаалгаар намайг унагаах гэж бөөн юм болсон. Тэгээд л гэртээ ирээд гэдэс рүү минь өшиглөөд, орилж хашгирч нүүр нүдгүй зодсон. Надад ямар ч үг хэлэх боломж олгоогүй. Яг л галзуу араатан шиг харагдаж байсан тэр хүн.
Яаж насаараа ингэж амьдрах вэ дээ гэж бодоод аавыгаа дуудаад, бүх юмаа аваад тэднийхээс явсан.
Тэр үед би их уйлсаан. Хэвлийд байгаа үр минь надаас их шаналж, ээжийгээ өрөвдөж байсан байх даа. Эвий үр минь муу эцэгтэй болгосон ээжийгээ өршөөгөөрэй.
Жирэмсний 8 сартайгийн шинжилгээгээр надад халамидиоз, трихомониаз гэдэг 2 өвчин илэрсэн. Яаж, яаж??? Яаж тэр хүн тэгж чадсан байна аа. Намайг боддоггүй юмаа гэхэд яагаад үрээ хайрлаж болоогүй юм бол оо. Тэр үед би ээж рүү нь утасдаад хэлсэн чинь би тэр хүнээс юу гэдэг үг сонссон гээч. “Хохь чинь, чамтай одоо юу ярьдаг юм” гэдэг үг сонссон. Тэр эх хүн шдээ. Эх хүнээс тийм үг гарч болох уу? Шинжилгээний хариуг бариад ажил дээр нь очиход согтуу л байсан. “Би чиний араар тавиагүй байх аа. Одоо чамтай юм ярьмааргүй байна. Одоо чи яв” гэснээс хойш би тэр хүнтэй мөнхийн дайсан болсон. Тэр хүний эцэг эх нь охин бид хоёрт арай л дэндүү хатуу хандсан даа. Сүүлдээ би тэдэн лүү яриад хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог болсон. Би яаж хүнд амьдралаараа тоглуулчихаад зүгээр суух юм бэ. Магадгүй жоохон хүлээцгүй түргэн ууртай байж болно л доо. Гэхдээ та бүхэн яг миний оронд өөрийгөө орлуулаад бодоод үзээрэй.
Удалгүй охин минь төрөх болж хичнээн өвдөж байсан ч “удахгүй охинтойгоо уулзана шүү дээ” гэж бодохоор өвдөж байсан 10 цаг нэг их удаан өнгөрөөгүй ээ хэхэ. “Охин нь төрлөө” гээд хүйг нь ч таслаагүй жижигхэн амьтанг гэдсэн дээр минь тавихад би энэ хорвоогийн хамгийн азтай хүн болж, бүхий л өөрийн чадах сайн сайхан зүйлээ энэ жоохон үрдээ зориулах ёстой гэж бодож байсан. Хүүхдийн минь уйлах дуу бусад хүүхдүүдийнхээс нэг л өөр байлаа. Эмч нар сандралдаж миний охиныг эрчимт эмчилгээний тасаг руу авч явсан. Тэр үед эмч нар “зүгээр ээ, та хоёр долоо хоног л эмнэлэгт хэвтэх байх” гэхэд миний сэтгэл тайвширсан. Амьсгалах аппаратаар амьсгалж байгаа охин дээрээ байн байн орж жижигхэн хацар дээр нь үнсэж “аавгүй ч гэсэн хоёулаа сайхан амьдрана. Гэдсэнд байхад чинь их уйлдаг байсанд ээжийгээ уучлаарай” гэж охинтойгоо ярьдаг байлаа. Унтаж байгаад ээжийгээ өрөөнд нь оронгуут сэрээд гэнэт уйлж гарнаа. Бодвол ээждээ эрхэлдэг байсан юм байлгүй. Эвий үр минь, магадгүй аавдаа гомдоод уйлдаг байсан биз дээ.
Бид хоёр их хүлээсээн. Тэр хүнийг их хүлээсэн даанч тэр хүн бид хоёрыг хүн гэж тоогоогүй ээ. Төрснийхөө маргааш миний охины бие гэнэт муудаж шинжилгээний хариу нь тархины гэмтэлтэй, бэлгийн замын өвчтэй гарсан. Та нар бод доо. Хорвоод ирээд ганцхан хонож байгаа тэр жаахан үрийн минь өндөгний цуснаас тэмбүүгийн шинжилгээ авсан. “Ээ бурхан минь би юу үзэх нь энэ вэ, хэзээ хийсэн үйлийн үр вэ”. Одоо ч гэсэн би цурхиртал уйлж байна. Надад энэ бүхнийг бичихэд их хэцүү байна. Сүүлдээ миний охин ямар ч найдваргүй болсон. Амьсгал нь зогсоод зүрх нь хааяа хааяахан цохилсон. Тэр үед би охиныхоо хөрж байгаа биеийг үнсээд “босоод ир л дээ. Аавгүй ч гэсэн хоёулаа сайхан амьдарна аа. Ангир уураг чинь гараад байна, үр минь ээждээ босоод ир л дээ” гэж уйлж байхад хамт байсан эмч сувилагч нар бүгд намайг өрөвдөөд уйлж байсан. “Уг нь харахад их сайхан охин байх юм аа. Яахаараа тийм муухай амьтантай учирдаг байна аа, аавдаа их л гомдсон хүүхэд байна даа” гэж байсан. Охиныхоо зүрхний сүүлчийн цохилтыг хүлээгээд сууж байхдаа “би ямар азгүй хүн бэ” л гэж өөрийгөө зүхэж байсан. Яг одоо үрийн минь царай надад харагдаж байна. Тэгэх байсан юм бол тэр хүн яах гэж бид хоёроор тоглосон байна аа. Хүүхэд, гэрлэлт гэдэг чинь тийм тоглоом шиг байдаг юм уу. Би тэр хүнийг үзэн яддаг. Тэр үед би гомдсондоо тэр хүн рүү “чи биднийг ингэж гомдоосныхоо төлөө нүглийнхээ хариуг амсах болноо. Чи үр хүүхдийн заяагүй үхлийн муугаар үхнэ дээ. Би чамаас заавал хүүхдийнхээ амийг нэхэх болно” гэж мессэж бичиж байсан. Дэндүү хатуу үгтэй ч гэсэн тэр үед энэнээс өөр үг надаас гараагүй юм аа.
Би охиноо алдаад яг л галзуурах дөхсөн. “Битгий уйл. Сав нь хөөрчихвөл галзуурчихдаг юм” гэж ээж минь учирлаж байсан. Манай өвөө “Монголын цагдаад ийм танхай хүн байж болохгүй. Хоёр хүний амьдралаар тоглосон хүн зохих шийтгэлээ хүртэх ёстой” гээд тэр хүний ажилд өрөгдөл гаргасан. Тэдний ажлын дарга нь намайг дуудаж мэдүүлэг авсан. “Ер нь бол энэ хүн 5 жилээс дээр ял авахаар хэрэг хийсэн хүн юм байна. Чи эрүүгийн хэрэг үүсгүүлэх юм уу” гэхэд нь би хүсээгүй. Би бүх зүйлийг эхнээс нь ярих, хүүхдийн өвчний түүх гэх зэрэг зүйлийг сөхөх сэтгэлийн тэнхээ байгаагүй. “Та нар цагдаагийн улс ажлынхаа хүрээнд шийтгэл өгчихгүй юу даа” гээд л орхисон.
Тэр залуугийн аав нь бас цэргийн дарга юм л даа. Тэгсэн аав нь хөөцөлдсөөр байгаад 3 сарын цалингийн 60 хувийн цалинг нь хасахаар шийтгүүлсэн байна лээ. Цолыг нь ч хасаагүй. Яаж, яаж тэр алуурчин хүүгийнхээ толгойг илээд байж чаддаг байна аа. “Дараа нь тэр бүхнийг сонсоод би ямар өчүүхэн юм бэ” гэж өөртөө уур хүрсэн.
Тэр залуу болон түүнтэй холбоотой хүмүүст хэлэхэд “Нарсанд суулгаагүйд надад насан туршдаа баярлаж амьдраарай” л гэж захъя даа. Би бие сэтгэлээрээ хохирсон байж болно. Хамгийн өрөвдөлтэй нь миний бяцхан үр минь л эвий дээ.
Охидууд минь юманд битгий сэтгэлийн хөөрлөөр хандаарай. Өнөөдөр хайртай гэж байгаа ч маргааш хүн яаж ч өөр болохыг хэн ч мэдэхгүй шүү. Хэрэв жирэмсэн болвол уур уцааргүй, амгалан тайван, зөвхөн үрийнхээ төлөө амьдраарай! Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг юм шүү. Чи өөрөөсөө гадна бас нэг жаахан амьтны өмнө үүрэг хүлээж байгаа шүү гэдгээ сайтар ухаараарай…
Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь тэрийг үнэн голоосоо хүсье даа. УМ МАНИ БАДМИ ХУМ…