Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Аж үйлдвэрийн яам хамтран Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг өнгөрсөн баасан гаригт “Туушин” зочид буудалд зохион байгуулав. Зөвөлгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлсэн бол УИХ, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат дотоодын үйлдвэрлэлийн талаар мэдээлэл өгсөн. Мөн УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон батлан хамгаалах салбар дотоодын үйлдвэрлэгчдээ хэрхэн дэмжиж байгаа талаар илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ “Аливаа улсын батлан хамгаалах салбар гадны улс орноос аль болох бага хамааралтай байх үүднээс дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хангагдах бодлого баримталдаг. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дотоодын үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд Батлан хамгаалах яам, Аж үйлдвэрийн яам хамтын ажиллагааны “Санамж бичиг”-ийг 2015 оны нэгдүгээр сард байгуулсан билээ.
Үүний гол зорилго нь батлан хамгаалах салбар дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг дотоодоос хангахад оршиж байгаа юм. Энэ хүрээнд Батлан хамгаалах салбарын хэрэгцээт импортын бараа, бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлэх, бэлтгэн нийлүүлэх боломжийг эрэлхийлэхэд туслах үүднээс батлан хамгаалах салбарын хэрэгцээт бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнг хоёр яамнаас хамтран зохион байгууллаа.
Үзэсгэлэнд 60 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулсан. Энэ үеэр батлан хамгаалах салбарын хэрэгцээнд нийлүүлж болохуйц бүтээгдэхүүнүүдийг судаллаа. Бүтээгдэхүүн сонгоод худалдан авах болоход зарим нэг бэрхшээл үүссэн. Үйлдвэрүүдийн хувьд олон жилээр төлөвлөөд, их хэмжээний хөрөнгө зарцуулаад үйлдвэр байгуулаад үйл ажиллагаа явуулахад нь өнөөдрийн мөрдөгдөж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар дэмжлэг болохуйц зохицуулалт хийж өөрчлөх шаардлагатай байна.
Манай салбарын хувьд нууцын зэрэглэлтэй зарим бараа, ажил, үйлчилгээг эрх зүйн үүднээс боломжийг нь өргөтгөх байдлаар үндэсний үйлдвэрлэгчидтэй удаан хугацааны, баталгаатай гэрээ байгуулах байдлаар дэмжих бололцоо бий гэж бид харж байгаа. Цаашдаа худалдан авч буй бараа, ажил, үйлчилгээний нийлүүлэлтийг тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр хангах бодлого баримтлан ажиллана.Батлан хамгаалах яам дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийн төлөө
1.Нормын хувцас, зөөлөн эдлэл 3.9 тэрбум төгрөгт
2.Хүнсний бүтээгдэхүүн 3.2 тэрбум төгрөгт
3.Эм, ороох боох материал 426,4 сая төгрөгт тус тус дотоодын үйлдвэрүүдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авсан” хэмээн онцолсон юм.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …