Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нойтон цас орохыг Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна. Маргаашнаас нэгдүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр, 17-нд зарим газраар, 18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 17,18-нд зарим газраар, 19, 20-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх юм байна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм хүйтэн байх юм байна. Осгож хөлдөхеөс урьдчилан сэргийлэх, малаа аль болохоор ойр бэлчээх, дулаан хувцаслахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.