“Хуванцар сав” хэрэглэхийг хориглов

afa2755e41b293f9aae52e5dc76d431d

Бид юу бол юуг ч хийж чаддаг эрин үед амьдарч буй. Өдөр тутамдаа хуванцар сав, гялгар уутыг хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах тоолонд хэрэглэдэг. Энэ нь ч хүмүүсийн хэрэглээний салшгүй нэг хэсэг болсон гэхэд болно. Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодолыг ч эдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Манай иргэд ундны ус, айраг, сүүгээ хуванцар саванд хийж, хадгалах нь түгээмэл болсон. 2014 оноос хуванцар сав хэрэглэхгүй байхыг анхааруулж байсан. Харин сүүлийн жилүүдэд эрчимтэй зориулалтын бус хуванцар савыг хэрэглээнээс хасахыг уриалж байсан ч тоймтой албан ёсны тушаал гараагүй. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар 2015 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр “Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргажээ.

Уг тогтоолын хүрээнд:

  • Хүнсний зориулалтын бус сав, баглаа боодлыг зориулалтын саваар солих
  • Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын стандартыг шинэчлэх, олон улсын стандартыг нутагшуулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллах
  • Хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт хоол, хүнсний савлагаанд хэрэглэхийг хориглох
  • Тухайн жилд хэрэглэгдсэн химийн хорт болон аюултай бодисын сав, баглаа боодлын хөдөлгөөний тайлан, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрээр гаргуулан авч, хадгалах, устгах зэрэг ажлуудыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Энэ ажлын хүрээнд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт хоол, хүнсний савлагаанд зориулалтын бус хуванцар сав хэрэглэж байгаа эсэхэд тандалд судалгаа хийж эхэлсэн байна.

ХУВАНЦАР САВНЫ ХОР ХӨНӨӨЛ

Ургийн гажиг, хорт хавдар үүсгэх, зүрхний гажиг үүсэхэд нөлөөлж байгааг мэргэжлийнхэн анхаарууллаа. Хуванцар савнууд дахь аммиакийн агууламж 48 дахин их гарчээ. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их гэсэн үг юм. Уг саванд хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодис нэмэгдэж байгаа нь шинжилгээгээр тогтоогджээ.

Мөн хүнд металл, хар тугалганы үлдэгдэл сүү, айрганд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их агууламжтай гарсан байна. МХЕГ-аас энэ талын судалгаа шинжилгээг байнга хийж олон нийтэд мэдээлдэг ч иргэд зориулалтын бус сав хэрэглэх нь багасгахгүй байгаа аж.

Олон улсад хэрэглэхийг зөвшөөрсөн “1”, “5” гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг айраг, сүү, цагаан идээ, ундны ус хадгалах зориулалтаар ашиглаж болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөж байна.

Харин “3”, “6”, “7” тэмдэглэгээ, кодтой болон огт тэмдэглэгээ, кодгүй хуванцар савыг хэрэглэхгүй байх,“2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой бол хэрэглэхээ аль болох багасгах нь зүйтэй юм. Учир нь эдгээр саванд үлдсэн хар тугалга болон бусад химийн бодис хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан өвчлөл үүсгэх эрсдэл өндөр.

эх сурвалж: dorgio.mn

Санал болгох мэдээ

Ус ихээр тогтдог зарим байршлуудад ус зайлуулах шугам угсарчээ

2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, …