Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” уриатай эхлүүлсэн хоёр сарын аян үргэлжилж байна. Тус аяныг аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос санаачилсан бөгөөд Боловсрол соёлын газар, Эрүүл мэнд, Цагдаа, Тагнуул, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Дархан салбар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн ажиллаж байна. Тэд аяны хүрээнд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сургалтыг явуулж Дархан-Уул аймгийн ахлах ангийн нийт 4924 сурагчийг хамруулах юм. Одоогоор Дархан сумын 1,15, 16,ОИЦ сургууль, Шарын гол сумын 2, 6 дугаар сургуулийн нийт 2000 гаруй ахлах ангийн сурагчдыг хамруулаад байна.
Мөн сурагчдын дунд “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” уриан дор богино хэмжээний видео эвлүүлгийн уралдааныг зарлажээ. Уралдаанд оролцох видео эвлүүлгийг аймгийн Ардчилсан залуучуудын холбооны байранд хүлээн авч байгаа ба хүлээ авах хугацаа нь энэ сарын 25-наар дуусгавар болох юм байна.
Түүнчлэн ЕБС-иудын 10, 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлыг хөндсөн “Дэвжээ” тэмцээнийг зохион байгуулж, сурагчдаас онлайн болон цаасан хэлбэрээр судалгаа авах зэрэг олон ажлуудыг өрнүүлээд байна.
ЭХ СУРВАЛЖ: http://darkhan.gov.mn/