Махны гол бүрдүүлэгч нь бол уураг. Өөхгүй маханд тос ба нүүрстөрөгч бараг байхгүй учраас таргалуулах бодис энд байхгүй гэсэн үг. Махгүй амьдарч чаддаггүй монголчуудад энэ дэглэм их таалагдах нь дамжиггүй. 10 хоногын хугацаанд барина.
Хэрэглэх заавар
Дэглэмийн үед зөвшөөрөгдөх хүнс: мах, загас, өндөг, ногоо. Уух юм: чихэргүй цай, кофе, ус. Өөр юу ч болохгүй, жаахан л өөр юм идэх юм бол ямар ч үр дүн гарахгүй. Махны хувьд ямар ч амьтны махыг дуртай хэлбэрээрээ хэрэглэж болно. Гол нь өөхгүй байх хэрэгтэй бөгөөд тосонд шарж хуурч болохгүй. Чанаж, жигнэж хэрэглэнэ. Давс хэрэглэхгүй. Ногооны хувьд, төмс, лууван хоёроос бусад нь зөвшөөрөгдөнө. Ногооны салатыг оливын тос юмуу нимбэгний хүчлээр амталж болно. Өдрийн норм: уурагт хүнс 450 гр. /мах, загас, өндөг нийлээд/. Үүнийгээ 5 хуваагаад өдрийн туршид тэнцүү хэмжээгээр, ногоотой хольж иднэ. Сүүлийн хооллолт 19 цагаас хойшгүй байвал сайн. Хооллох үедээ шингэн юм ууж хэрэггүй, 30 минутын дараанаас уувал дээр.
Үр дүн
Энэ 10 хоногын хугацаанд 5-6 кг турах боломжтой
Давуу талууд:
-Хангалттай хэмжээний амин дэм, бичил бодис орж ирнэ. Ялангуяа загас түлхүү идвэл фосфор ба кальцийг биедээ нөөцлөөд авах боломжтой.
-Уураг нь бидний эд эсийн хувьд “барилгын материал” болж байдаг тул булчин шөрмөсөө чангалах хүсэлтэй хүмүүс дэглэм барингаа дасгал сургууль хийхэд болно. Ингэвэл илүү их жин хасч чадна.
-Өлсөх зовлон байхгүй. Өлсөхгүй байхад хангалттай боловч бага идэх тул ходоод тань агших сайн талтай, тиймээс дэглэмийг барьснаар та хоол их идэхгүй байж сурна. Ингэж хэвшвээс жин нэмэх асуудал үгүй болно.
Сул талууд:
-Мах “хүндэддэг”, ходоод гэдэсний өөрчлөлттэй хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй.
-Чихэр, амттан болон гурил будаа чимхийн чинээ ч идэж болохгүй нь зарим хүмүүст давшгүй даваа байж болох юм. Тэслээ гэхэд дараа нь амттан руу дайраад хамаг үр дүнгээ “будаа болгох” аюултай.
эх сурвалж: everyday.mn