Бразильд гарсан Зика вирусийн халдвар хөрш орнуудад хурдацтай тархаж байна. Өдгөө Бразильд 1.5 сая хүн Зика вирусын халдвар авсан байж магадгүй гэнэ. Зика вирусын халдвар Бразилийн зүүн хойд хэсгийн нутагт гарснаар өнгөрсөн аравдугаар сараас хойш 3893 жижиг толгойтой хүүхэд төрсөн байна. Зика вирус 2014 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Францын Полинезийн арлаас ирсэн жуулчдаар дамжин Бразильд ирсэн гэж таамаглажээ. Өмнө нь Францын Полинезийн арлуудад Зика вирусын халдвар гарсан байна. Хэрэв Бразильд халдварын тархалтыг зогсоож чадахгүй энэ хэвээр үргэлжилбэл Риод Олимпын наадамд зохиогдох эсэх нь эргэлзээтэй болж байна. Зика вирусын халдварын эсрэг Бразилийн засгийн газраас армийн 200 мянган гаруй цэргийг дайчлан шумуул устгах арга хэмжээг авч эхэлжээ. Цэргүүд айл бүрээр нэг бүрчлэн явж шумуул устгалын ажил хийж байна. Түүнчлэн засгийн газраас шавж устгалын бодисыг тарааж байгаа аж. Үүний зэрэгцээ Колумб улсад 13500 гаруй хүн уг вирусын халдвар авсан нь тогтоогджээ. Зика вирусын халдварын улмаас Колумб, Эквадор, эль-Сальвадор, Ямайк улсад эмэгтэйчүүдийг нэгээс хоёр жилийн хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөжээ.
Үүний дээр Азиас гаралтай ч Европын өмнөд хэсгээр өргөн тархсан “бар шумуул” Зика вирусын халдварыг тарааж болзошгүйг эрдэмтэд анхааруулж байна. Эрдэмтэд Зика вирусын халдвар Номхон далай болон Зүүн Өмнөд Азийн орнууд, АНУ-ын Флорида муж улсад тархах өндөр магадлалтай байгааг анхааруулж байна.
Одоогоор Зика вирус зөвхөн шумуулын хазалтаар дамжин тархдаг гэж үзэж буй. Гэхдээ Зика вирус үрийн шингэнээр дамжин халдварлах магадлал байж болохыг эрдэмтэд анхааруулжээ. Францын Таити арлын оршин суугч эрэгтэйн үрийн шингэнээс Зика вирус илэрсэн аж. Түүнчлэн бэлгийн харьцаанд орсны дараа нөхрөөс эхнэрт нь Зика вирус халдсан тохиолдол гарчээ. Эдгээр нь ердөө ганц тохиолдол боловч эрдэмтэд Зика вирусын халдварлах зам нэмэгдэж болзошгүй гэдэгт санаа зовниж байна. Түүнчлэн Зика вирусын халдвар эхийн сүү, цусаар дамжин халдах магадлал ч байж болох гэнэ.
эх сурвалж: www.pmsmj.es.gov.br