Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд асуудлыг Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, уралдааныг зохион байгуулх комиссын нарийн бичгийн дарга, Дэд хурандаа Т.Мөнхбаяр танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуулын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулахаар нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд санал орууллаа. Тус уралдаан нь анги байгууллагуудын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдрын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчилж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой юм.
“Монгол цэргийн жавхаа” уралдаан нь анги байгууллагуудын хөгжлийг нэг шатаар ахиулж, тохижилт, орчинг сайжруулсан, иргэн-цэргийн бахархлыг бий болгосон үр дүнтэй үйл ажиллагаа болсон гэдгийг албаныхан онцолж байна.
Мөн тус уралдаан зохион байгуулагдсантай холбоотойгоор цэргийн албанд татагдах нийслэлийн залуучуудын тоо эрс өссөн гэдгийг албаныхан онцоллоо.
Энэ жилийн “Монгол цэргийн жавхаа” уралдаан 2015 оны 03 дугаар сарын 23-наас 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг цэргийн хүрээний бүх анги, нэгтгэлүүдийг оролцуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд тус уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар боллоо. Мөн шагналын санг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.