АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, гэргий Мишель нарын хөрөнгө 1.9-6.9 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Харин жилийн өмнө тэдний хөрөнгө 2.6-8.3 сая ам.доллараар үнэлэгдэж байсан юм. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт дурджээ.
Хуульд зааснаар мэдүүлэгт хөрөнгийг зөвхөн ойролцоо тоогоор гаргадаг аж. Хосууд хөрөнгө оруулалтын хуучинсаг арга барилыг сонгожээ. Тухайлбал Обама 515 мянган ам.долларыг “JPMorgan Chase” банкинд хадгалуулсан бол тав хүртэлх сая ам.долларыг найдвартай хэрнээ ашиг багатай АНУ-ын үнэт цаас болгожээ. Ерөнхийлөгчийн тэтгэврийн хадгаламж хувь нийлүүлсэн индексийн санд хадгалагддаг байна.
Ерөнхийлөгч 500 мянгаас нэг сая ам.долларын ипотекийн зээлээ одоо ч төлсөөр байгаа аж. Тэрбээр 2005 онд 30 жилийн хугацаатай, жилийн 5.6 хувийн хүүтэй зээл авсан юм. Үүнээс гадна тэрбээр Саша, Малия хэмээх охидынхоо дээд сургуульд 400 мянган ам.доллар зарцуулжээ.
Цагаан ордны сайтын дөрөвдүгээр сард нийтэлсэн мэдээлэлд Обамагийн гэр бүл өнгөрсөн онд 608 мянган ам.долларын орлого олжээ. Энэ нь өмнөх жилээс 172 мянган ам.доллараар бага гэсэн үг юм.
Одоогоор АНУ-ын төрийн тэргүүн жилд 400 мянган ам.долларын цалин авч байна. Гэвч тэрбээр цалингийнхаа таван хувийг улсынхаа төсөвт оруулна гэж мэдэгдсэн юм.