Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Батбаяраас өвөлжилт хэр байгаа талаар асууж тодрууллаа.
-Зарим аймагт өвөлжилт хүндэрч байна гэж байна. Мөн нэлээд олон сум зудтай байна гэсэн мэдээлэл байна. Дархан-Уул аймагт өвөлжилт хэр байна. Ер нь өвөлжилтийн бэлтгэлээ хэр сайн хангасан бэ?
-ОБЕГ-аас Удирдах ажилтны стратегийн цугларалтыг бид саяхан хийсэн. Энэ үеэр 2015 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, мөн иргэдэд үйлчлэх төрийн бодлогыг тодорхойлж, үр дүнтэй, хурдацтай, оновчтой ажиллах үүрэг, даалгавар өгдөг. Энэ өдөр олон асуудал хэлэлцэж байгаагийн нэг нь мэдээж, өвөлжилтийн бэлтгэл ажил байсан. Мөн саяхан Улсын онцгой комисс нэлээд олон аймгаар явж, өвөлжилтийн бэлтгэл байдалд үнэлгээ хийгээд, Засгийн газрын хуралдаанд дүгнэлтээ хэлсэн. Энэ үеэр хэд хэдэн аймаг цагаан зудтай байгааг хэлж байсан.
Дархан-Уул аймагт одоогоор хүйтний эрч чангараагүй ч цасны зузаан 13 см орчим байна. Энэ жил бид Засгийн газраас үүрэг, даалгавар өгсөний дагуу зунаас эхлэн ард иргэд, албан байгууллагад өвөлжилтийн бэлтгэлийг эрт хангах үүрэг, даалгавар өгч ажилласан. Малчид өөрсдөө өвс, тэжээлээ бэлтгэсэн. Сум орон нутаг, аймгийн хэмжээнд нөөц бүрдүүлэх талаар Засгийн газрын тогтоолын дагуу нөөцөө 100 хувь бүрдүүлсэн.
-Өнгөрсөн жил зунжлага хэр байв. Өвс тэжээлийн нөөц хангалттай байгаа юу?
-Өнгөрсөн зун Дархан-Уул аймагт нэлээд гандуу байсан учраас өвс, тэжээл бэлтгэх асуудал багагүй хүндэрсэн. Иймд хөрш зэргэлдээ аймаг, ойн сан бүхий газруудаас өвс хадаж, нөөцөлсөн. Энэ жил Дарханд 704 мянган толгой мал өвөлжиж байна. Зарим малчид маань хөрш зэргэлдээ аймаг руу отроор явсан. Энэ бүх тоо баримтыг бид аймгийнхаа ОБГ-т хуралдаад, хаана, хэн хэдэн малтай байрлаж байна, хэнд ямар тусламж хэрэгтэй байгааг хэлэлцсэн. Өвс хэдийгээр дутмаг байгаа ч энэ асуудлыг Улсын онцгой комисст тавьж, Дархан-Уул аймагт байгаа улсын нөөцийн салбарт хүсэлт тавьсан. Өөрөөр хэлбэл аймгийн онцгой комиссын хурлаар МУЗГ-ын 480 дугаар тогтоолын дагуу 572,1 тн өвсийг сумдад хуваарилах шийдвэрийг гаргаж, Улсын Онцгой Комисст хүсэлт хүргүүлж шийдвэр гаргуулсан. 572 тонн өвсний 40 хувь болох 234 тонн буюу 11700 боодол өвсийг сумдад урьдчилсан байдлаар олгох ажил эхлээд байна.
Иймд бид энэ өвлийг амжилттай даван туулна гэсэн зорилттой ажиллаж байна.
Эх сурвалж: Мэдээлэл технологийн алба