Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулганы завсарлагаанаар Байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийж хэрэгжүүлсэн ажлын талаар өнөөдөр /2016.02.18/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус Байнгын хороо 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 12 удаа, 60 хувийн дундаж ирцтэйгээр хуралдаж, 38 асуудал хэлэлцжээ. Энэ хугацаанд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 10 хууль, /хамт өргөн мэдүүлсэн 28 хууль/ 4 тогтоолын төсөл хэлэлцүүлэгт бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлж батлуулжээ. Мөн тус Байнгын хорооны бүрэлдэхүүнд байдаг “Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо” 1 удаа хуралдаж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийн танилцуулгыг сонссон байна. Байнгын хороо 2015 оны намрын чуулганы хугацаанд 15 хуулийн төсөл, 4 Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцсэнээс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 10 хууль /хамт өргөн мэдүүлсэн 28 хууль/, 4 Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна.
Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд 10 хуулийн төсөл /хамт өргөн мэдүүлсэн 28 хууль/, 4 Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцсэнээс 6 хууль, 3 Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулжээ. Ингэснээр Хамтын тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн өв сангийн тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Улаан загалмайн эрх зүйн байдлын тухай, Эрүүл ахуйн тухай, Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай болон Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус батлуулсан гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулав. Мөн тэрээр Хяналт шалгалтын ажлын талаар болон бусад ажлын талаар мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей Хамтын тэтгэврийн тухай болон Эрүүл ахуйн тухай хуулиудын талаар, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Улаан загалмайн эрх зүйн байдлын тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.