Хууль зүйн сайд Д.Дорлигжав эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр 2015 он болон 2016 оны эхний сард эрх зүйн шинэчлэлийн гол хуулиудыг өргөн барьж, УИХ-аар батлуулсан нь Хууль зүйн яам, түүний харьяа агентлагууд, хуулийн байгууллагын ажилтнуудын хувьд чухал ажил байсныг онцолсон юм. Өнгөрсөн онд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, Хууль тогтоомжийн, Зөрчлийн, Өршөөл үзүүлэх тухай хуулиуд болон Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 12 хууль батлагдсан бол УИХ-ын ээлжит бус чуулганаарЭрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Прокурорын байгууллагын тухай, Арбитрын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр болжээ.
Эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хууль сахиулахын их сургууль болон хуулийн бусад сургуулиудын сургалтын хөтөлбөр, агуулга, арга барилыг шинэчилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд Монгол Улсын архив түүхэндээ анх удаа олон улсын жишигт нийцсэн, зориулалтын байртай болсон, тус газрын хуучин байранд Тахарын ерөнхий газрыг нүүлгэн оруулж, байрны асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 120 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажил дуусч, 3 дугаар сард ашиглалтад орохоор болсон гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.